Инээдмийн баярыг тохиолдуулан шог зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд олон нийтэд толилуулна. Тус үзэсгэлэнд Монголын үе үеийн нэрт болон залуу уран бүтээлчид оролцох юм. Нийгмийн амьдрал, хүний мөн чанарыг шог, ёгт өнгө аясаар илэрхийлсэн 17шог зураачийн 110 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлэх юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд Ардын зураач, МУУГЗ Ц.Байды, СГЗ А.Бат-Эрдэнэ, СГЗ Л.Өлзийбат, урлаг судлалын ухааны доктор, профессор М.Моломжамц, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, шог зураач М.Амархүү, шог зохиолч, шог зураач А.Амарсайхан, шог зураач багш П.Пүүдорж, С.Болд, ахмад шог зураач Сур.Чимэддорж агсны бүтээлүүд болон бусад уран бүтээлчдийн бүтээлүүд багтжээ.
Мөн Дархан-Уул аймгаас МУСТА, МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын төлөө” хүндэт шагналт, шог зохиолч, шог зураач, Монголын шог зураачдын “Шогч бийр” холбооны гишүүн Д.Мянганзам тус үзэсгэлэнд 6 бүтээлээр оролцож буй аж. Эл үзэсгэлэн энэ оны 4-р сарын 1-нээс 8-ныг хүртэл 7 хоногийн турш үргэлжлэх юм.



