Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, ААН, байгууллага нь жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй байна. Тэгвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 1 өдөрт үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг мэдээллээ. Тээврийн хэрэгслийг жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт оруулах ёстой байдаг. Жолооч та 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тээврийн хэрэгслээ үзлэгт оруулсан бол нэг жилийн дараа буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд үзлэгт оруулна гэсэн үг. Нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй бол хуулийн байгууллагаас торгууль ногдуулдаг байна. Тээврийн хэрэгслийг үзлэгт оруулахдаа 161 үзүүлэлтээр оношилдог. Тодруулбал, дугуй нь хээтэй, хийгүй, нэг тэнхлэг дээр ижил хээтэй дугуй байгаа эсэх, улсын дугаарын тоо тод эсэх зэрэг 161 үзүүлэлтээр автомашины бүрэн бүтэн байдлыг шалгадаг юм.


