МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар тодрууллаа.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:
-УИХ-ын даргад МАН-ын дарга хэнийг нэр дэвшүүлсэн бэ?
-Намын дарга парламентад олон сонгогдсон гишүүдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонссоны эцэст С.Бямбацогт, С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлсэн. С.Амарсайхан УЗ-ийн хурлын өмнө нэрээ татсан. Ингээд УЗ-ийн хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон. УИХ дахь МАН-ын бүлэгт одоо танилцуулна.
-МАН-ын бүлэг хэзээ хуралдах вэ?
-Одоо хуралдахад бэлэн болсон байна.
-С.Амарсайхан нэрээ татсан шалтгаанаа хэлсэн үү?
-Намын даргатай ярьж, улс төрийн нөхцөл байдал, төрийн ажил, нийгэм эдийн засагтай холбоотой олон асуудлаар саналаа хэлсэн. Ер нь С.Бямбацогт гишүүнийг дэмжээд явъя гэсэн. МАН төрийн ажил, албан тушаалыг нам дээрээ ялангуяа хуультай, дүрэмтэй зүйлийг ямар нэгэн хуйвалдааны зарчмаар шийдвэрлэхгүй. МАН-ын дүрэм, Монгол Улсын хуулийн хүрээнд асуудал шийдэгдэж явах учиртай.
-Аль намтай хамтарч ЗГ-аа байгуулах вэ?
-Аль улс төрийн намтай хамтрах, алийг засагт оруулах, ямар хүнээр сайдаар тавьж аль салбараа ахлуулах гээд бүх асуудал өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд одоогоор намын УЗ, нам дээрээ тодорхой байр сууриа илэрхийлээгүй байна.

