УИХ-ын даргын өрсөлдөөнд С.Бямбацогт, С.Амарсайхан нар оролцож, МАН-ын УЗ хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхийн өмнө С.Амарсайхан нэрээ татсан тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар түрүүхэн сэтгүүлчдэд мэдээлсэн. Энэ талаар С.Амарсайханаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Та яагаад УИХ-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсан юм бэ?
-Би нэр дэвшээгүй учраас ямар юмных нь нэр татах вэ дээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. “Нэр дэвших үү” гэсэн би “Дэвшихгүй” гэдгээ хэлсэн.
-Танай намын бүлэг 38:30 гэж хуваагдсан нь үнэн үү?
-Хэрвээ хуваагдсан гэж үзэж байгаа бол энэ нэг намын, нэг бүлгийн асуудал биш болчхоод байна. 38:30 гэдэг талцал хуваагдлаа зогсоогоод, ухаан зарж, тэвчээр заагаад, улс орныхоо төлөө нэгдээд, нэг хүнээ дэвшүүлээд явбал тэрэнд би ачаа үүрэх ёстой гэвэл болно. Ямар нэг байдлаар талцал хуваагдлыг өөгшүүлж болохгүй.
-Таныг Ерөнхий сайдад нэр дэвших тухай өмнө нь яриа гарч байсан. Тэр үнэн үү?
-Өмнө нь намын удирдлагууд, улс төрийн намын удирдлагууд бүгд сууж байгаад надад “Ерөнхий сайдад нэр дэвш” гэдэг санал тавьж байсан. Би “Үгүй” гэдэг хариулт өгсөн. Түүний дараа Г.Занданшатар гэдэг хүн ЗГ-ыг тэргүүлсэн. Түүнээс хойш МАН-ын талцал эхэлсэн. Хуваагдал хурцадсан. УИХ-ын дээр гарч суудаг болсон. УИХ өөрөө намуудын талцал хуваагдлын талбар болж хувирсан.
ЗГ-ыг УИХ томилдог. УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага бол гүйцэтгэх засаглал. Хууль зүйн сайдаа тавихдаа хүртэл “Өрсөлдөгчөө намна” гэдэг захиалгатайгаар тавьж байсан.

