Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Юм юмнаас үнэтэй нэг тамга Монголд байна. Наанаа бол нэг ТББ-ын л тамга. Цаанаа бол атгасан хүнийхээ гарт төрийн эрхийг бариулдаг хүчтэй. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулсны дараа тэр тамганы төлөө эрх баригч намынхан хөнжил дотроо хөлөө жийлцсээр, өнгөрсөн 10 сарын хугацаанд хөнжлөө ч тамтаг болтол урчихлаа. Уранхай хөнжлөө ойрын хэд хоногт нөхөж цойлдоод, дахин хувааж нөмрөх шинжтэй болсноо дахин талцан тэмцэлдэж эхлэв. УИХ дахь МАН-ын бүлэг уулыг тал болтол, талыг там болтол тэмцэлдэж байна. Тэдний хөлд улс орон сөхөрч, хүн ард туйлдаж гүйцлээ.

2026.04.01 Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлыг хаян гарч одов. Уг хурлын үеэр Р.Батболд гишүүн, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нар ам мурийв. Өөрсдийг нь үл тоон хаян гарч явсан Х.Нямбаатарт эгдүүцсэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайд гар хүрэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр АҮЭБ-ын сайд Г.Дамдинням, Ч.Номин гишүүн хоёр ам зөрж, муудалцсаар хурлаас гарав.

2026.04.02 С.Амарсайхан гишүүнийг УИХ-ын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлээгүй байхад нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нэр дэвшээд, дараа нь нэрээ татсан мэтээр сэтгүүлчдэд мэдээлсэн гэнэ. Хэн нь үнэн ярьж буйг бүү мэд. 30:38 болж хуваагдсан бүлгээ эвтэй найртай байгаа мэтээр харагдуулах, МАН ганц хүнийг шууд томилсноо мэдэгдэхээс болгоомжилж, 2 хүн өрсөлдөж 1 нь нөгөөдөө найр тавьсан мэт ойлгуулахыг Я.Содбаатар хүссэн ч байж болно. Д.Амарбаясгалангийн талын 30 УИХ-ын даргын албан тушаалыг авахыг хүссэн ч 38 нь өгөөгүй тул С.Амарсайхан нэр дэвшихээс ч татгалзсан ажээ. С.Амарсайхан нэр дэвшсэн бол С.Бямбацогтыг л чимэх байжээ.

Төрийн ордонд суудлаа олохгүй болохоор Хангарди ордонд ч хөлөө олохоо байлаа

Төрийн ордон доторх 2-хон өдрийн дүр зураг ийм байна. МАН-ын асуудал аль хэдийнэ нэг намын, нэг бүлгийн асуудал биш болсон. МАН тэмцлээ Монголын асуудал болгож, ард түмнээ туйлдуулаад бараг жил болж байна.

Эрх баригч намын гишүүдийг Төрийн ордонд албан тушаал дээрээ зодолдож байх зуур Хангарди ордонд нийслэлийн төсөв дээрээ нанчилдаж байна. Нийслэлийн засаг дарга нь АН-ын бүлгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт очоод, “Туулын хурдны зам” төслөө цээжээрээ хамгаалахын оронд төсвийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдыг дагуулаад, Туул голын эргээр явж ард олныг жагсаал тэмцэлд уриалав. Иргэдийн жагсах эрхийг боон, Сүхбаатарын талбай дээр асар майхан босгочхоод, өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр “Намайг алаад болиул” ч гэх шиг хүмүүсийг аллага хядлагад турхирав. УИХ-ын байнгын хорооны хурал дээр ч гишүүдийн асуултад цэгцтэйхэн хариулчхаж тэвчилгүй хаян гарч одов.

Төрийн ордонд суудлаа олохгүй болохоор Хангарди ордонд ч хөлөө олохоо байлаа. 2 ордны зодооны хөлд ард олон туйлдаж гүйцлээ. Мах магнаг боллоо. Шатахуун ч шаггүй үнэд орлоо. Орон даяар хаврын их ажил ид оволзох гэж байхад төр эзэнгүй, засаг хүнгүй, төсөв мөнгөгүй байна. Гэтэл улстөрчид нанчилдсаар л…

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Хууль зүйн сайдаа тавихдаа хүртэл “Өрсөлдөгчөө намна” гэдэг захиалгатайгаар тавьж байсан” гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа “МАН-ын эрх мэдлийн тэмцэл хэрээс хэтэрч, дарангуйллын шинж чанартай болж байгаа нь эргээд төрийн ажил явуулахад үнэхээр саад тотгор учруулж байгаа, үнэн. Энэ бол аль аль талдаа албан тушаалын тэмцэл биш. Дарангуйллын шинж чанартай, улс төрийн өшөө авалттай онцгүй л юм болж байна. Ингэж хүч түрж байгаа нь залуу гишүүдийн сэтгэлийг өвтгөж байна. Учраа ойлголцлоо гэж бодсон чинь яасан ч дуусдаггүй хонзогнол юм. Яасан ч дуусдаггүй өшөө авалт юм” хэмээн өчигдөр халаглав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хийх ажил их байхад манай МАН-ын зодоон арай дэндэж байна” гэж халаглав.

- Шинэ
- Хандалттай