УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор АН-ын бүлгийн шаардлагын дагуу УИХ-ын даргыг нам бус байлгах хуулийн зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй энэ хуулийн төслийг АН-ын дэмжлэгийг авах гэж УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт их хурлын даргын зөвлөлийн хурлаар оруулан, парламентын босгыг давуулж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр гэнэт орж ирсэн энэхүү хуулийн төслийн талаар гишүүдээс олон асуулт гарч байна. ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Ганцхан тохиолдолд зориулж, хуулиа өөрчлөх хэрэг байгаа юм уу? УИХ-ын дарга нам бус байх нь, энэ тогтолцоо чинь манайд өнөөдөр хүлээн авахад бэлэн цаг үе мөн үү? Цэндийн Нямдорж гишүүнийг УИХ-ын дарга байхад “Та намаасаа татгалзах уу?” гэж асуухад “Наанаа татгалзаж байгаа ч цаанаа бол үгүй шүү дээ. Ийм зохицуулалтын хэрэг байгаа гэж үү?” гэж хариулж байсан. Логик энэ шүү дээ. Үнэхээр УИХ-ын даргыг нам болгох сонгодог парламентын зарчим луу явах гээд байгаа юм бол парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог зарчим луу бас орох уу? УИХ-ын дэд дарга нар чинь бас нам бус байх уу?
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Бид дээрх хуулийн зохицуулалтыг Үндсэн хуульдаа тааруулж оруулах гэж байна. Намуудын төрд оролцох хэм хэмжээг Үндсэн хуулиар нарийн сайхан тааруулаад өгчихсөн байдаг шүү.


