Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох эрүүгийн 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Яллагдагч Г нийтийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаанбуудайн үрийг “ӨА” компанид олгожээ. Тэрээр улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй атлаа төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн, бусдад хууль бус үүрэг өгч, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан аж. Уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2 жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаанбуудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргаж байжээ.
Мөн хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаанбуудайн үр өгч, Улсын нөөцийн санд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоосон байна.
Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлснээр хэрэгт унаад байна. Г, А нар албан тушаалаа ашиглаж, Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас “Дархан-144” элит сортын 89 тонн үрийн буудайг “АБ” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаас өөр үрийн буудай өгч, бусдад 70,400,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 1818000410214 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж. Уг хэргийг шалгахад АТГ 80,000 төгрөг зарцуулсан байна.


