Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14685 өрх,
- Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12229 өрх,
- Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23, 7 дугаар хорооны 8483 өрх,
- Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13655 өрх,
- Сүхбаатар дүүргийн 12, 13, 2 дугаар хорооны 2028 өрх, нийт 51080 өрхийг хийн халаалтад шилжүүлэх юм.
Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж өгнө. Халаалтын улирал буюу тухайн оны есдүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 900 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Тус урамшууллыг бэлэн мөнгөөр олгохгүйгээр халаалтын улиралд хэрэглэсэн шингэрүүлсэн хийн төлбөрөөс үе шаттайгаар хасаж тооцно.
Иймд дээрх хороодод оршин суудаг, шингэрүүлсэн хийн халаалтад шилжих хүсэлтэй өрхүүд харьяа хороондоо хандан, асуумжийн хуудас бөглөж, хүсэлтээ гарган бүртгүүлээрэй. Иргэдийн идэвхтэй оролцоо нь агаарын бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

