Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Б.Бавуусүрэн 32 адуугаа хулгайд алджээ. Тэр адуундаа GPS суурилуулсан байсан учраас цагдаагийн байгууллагатай хамтарч, олсон байна. 17 этгээд 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сарын хугацаанд 12 удаа нийт 59 бод мал хулгайлсныг цагдаагийн байгууллага тогтоолоо.
Тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг 2025 оны мөн энэ үетэй харьцуулахад 14.3 хувиар өсжээ. Бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсвэл хорих ялаар шийтгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-т заасан байдаг. Харин олон мал хулгайлан, улсын хил давуулсан, машин техник ашигласан бол 2-8 жил хорих ялаар шийтгэдэг байна. Иймд малчид малдаа GPS суулгах нь нэн чухал байгааг цагдаагийн байгууллага санууллаа.

