Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэн Иран улс дэлхийн түүхий нефтийн тээврийн 20 орчим хувь дамждаг Хормузын хоолойг хааснаар олон улсын зах зээл дээр газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байна. Үүний нөлөөгөөр 2 дугаар сарын 27-нд баррель нь 73 ам.доллар байсан Брент төрлийн түүхий нефтийн үнэ өнөөдрийн байдлаар 115 ам.долларт хүрчээ.
МИАТ ТӨХК-ийн мэдээлснээр компанийн гол чиглэлүүдийн нэг болох Франкфуртын нисэх буудлын түлшний үнэ 2 дугаар сард тонн тутамд дунджаар 903 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1821 ам.доллар болж хоёр дахин нэмэгджээ. Мөн онгоцны түлшний судалгаа гаргадаг IATA-ийн мэдээлэлд дэлхийн дундаж үнэ өмнө нь 750–800 ам.долларын түвшинд байсан бол 1555.68 ам.доллар болсон талаар дурдсан байна. Түүнчлэн Ази тивийн дундаж үнэ 1619 ам.доллар орчим байгаа тооцоолол гарчээ.
Ийнхүү түлшний үнэ өссөнөөр МИАТ-ын үйл ажиллагааны хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг түлшний зардал 45 хувь хүртэл нэмэгдэх эрсдэл үүсэж, компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд хүрчээ.
Учир нь олон улсын зарим агаарын тээвэрлэгч түлшний эрсдэлийн хураамжаа хоёр-гурав дахин нэмэгдүүлсэн гэж мэдээлсэн байна. Иймд МИАТ-ын хувьд үндсэн тариф өөрчлөгдөөгүй ч түлшний эрсдэлийн хураамжийг чиглэлээс шалтгаалж, Ази чиглэлд тийзний үнийг 5–7 хувь, Европын чиглэлд 10–11 хувиар нэмэхээр болсон байна.

