Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахдаа орлогоо хууль ёсных болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нэгэн албан тушаалтынг илрүүлж, олон улсын эрх зүйд хэвшсэн “Unexplained wealth order” жишгийг хэрэгжүүллээ. Нийтийн албан тушаалтан А 45 сая төгрөгөөр “Toyota Lexus RX-450” автомашин худалдан авчээ. Тэрээр уг мөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо АТГ-т үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй аж. Авлигын эсрэг хуулийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь уг албан тушаалтны тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хяналт шалгах явцад Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зөрчил илэрч буйг АТГ мэдээллээ. Албан тушаалтан 6 сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогоо хууль ёсны дагуу олсон болохоо АТГ-т үндэслэлтэй тайлбарлах ёстой. Гэтэл тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч буй аж.
Иймд АТГ нийтийн албан тушаалтан А-гийн 45 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд ханджээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх уг асуудлыг хянан үзэж, Шүүхийн тухай хуулийн 22.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх үүсвэрийг нь үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд “Unexplained wealth order” гэж нэрлэдэг. Үүнийг нийтлэг эрх зүйн тогтолцоотой улсууд ихэвчлэн хэрэгжүүлдэг юм байна.

