“Хууль зүйн туслалцааны төв” ТБАГУТҮГ төлбөргүй чадваргүй иргэдэд төрийн нэрийн өмнөөс хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэхийн тулд улсын өмгөөлөгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, төлбөрийн чадваргүй болон эмзэг бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Тус төвтэй Өмнөговь аймгийн өмгөөлөгч Д.З ийм гэрээ байгуулан, ажилладаг байжээ. Гэтэл тэрээр үнэгүй өмгөөлөх учиртай 1 хүнээс 500 мянган төгрөг авсан тухай гомдол Хууль зүйн туслалцааны төвд ирсэн аж. Тус төв Д.З-тэй байгуулсан гэрээгээ уг шалтгаанаар цуцалсан байна.
Харин Д.З ажилдаа эргэн орох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал гаргуулахаар шүүхэд ханджээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.11.12-нд уг гомдлыг хэлэлцээд “Д.З улсын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчээсээ 500,000 төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Энэ нь Хууль зүйн туслалцааны төвтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.8-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Түүнийг 2024.12.31-нээр тасалбар болгон, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзжээ. Д.З үүнийг эсэргүүцэн давж заалдсан байна.
Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025.01.29-нд “Д.З үйлчлүүлэгчийн мөнгөн хөрөнгийг хадгалах, буцаан өгөх талаарх журам зөрчсөн тул Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор сануулах арга хэмжээ авсан. Д.З үйлчилгээ үзүүлсний төлөө бусдаас өмгөөллийн хөлс, бусад хэлбэрээр төлбөр авсан нь тогтоогдоогүй байхад ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авсан тул үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй” гэж дүгнэн Д.З-г урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,246,395 төгрөг гаргуулан түүнд олгож, уг дүнгээс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг Хууль зүйн туслалцааны төвд даалгажээ. Энэ удаад тус төв уг шийдвэрийг эсэргүүцэн, УДШ-д хандсан аж.
Улсын дээд шүүх 2025.04.08-нд уг гомдлыг хянажээ. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтын зорилго, агуулга, зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2.8 дахь заалт зэргээс үзэхэд улсын өмгөөлөгч Д.З нь үйлчлүүлэгчээс ямар нэгэн хөлс авах, шаардах эрхгүй байна. Хэрэгт авагдсан банкны дансны хуулга, МӨХ-ны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024.10.22-ны МТ/2024/35 дугаар тогтоол зэрэг баримтаар үйлчлүүлэгч Б.О-гийн ээжээс өөрийн хувийн харилцах дансанд 500,000 төгрөг авсан нь тогтоогдсон. Д.З-ийн “Үйлчлүүлэгч “Хохирлын мөнгө” гэж өгснийг хадгалсан ч зохих журмаар буцаагаагүй” гэх тайлбарыг хуульд нийцсэн гэж үзэхгүй. Дээрх хуульд улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс хохирлын мөнгийг урьдчилан авч, хадгалах эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн эрх зүйн статустай субъектийн хувьд хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийх нь ноцтой зөрчилд тооцогдоно. Улмаар уг мөнгийг Хууль зүйн туслалцааны төвийн дансанд бус, өөрийн хувийн харилцах дансанд авсан буруутай” гэж дүгнэжээ.
Ингээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

