Монгол Улсын хэмжээнд 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 7 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт-3, Дарханд-1, Ховдод-2, Увсад-1 бүртгэгдсэн байна. Мөн нас баралт гурав бүртгэгдсэн.
Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт өвчлөлийн түвшин өндөр байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Харин дүүргээр авч үзвэл, Налайх, Чингэлтэй. Баянзүрх, Сонгинохайрханд өндөр гарчээ. Өвчлөл 12-6 сар хүртэл өндөр байдаг бол нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн байна. Иймд менингококкт халдвараас сэргийлэхийн тулд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой юм.

