Сургууль, цэцэрлэгийн засварт ашиглаж буй будаг хүүхдэд хортой байгааг Монгол Улс 10 гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй.
Тэгвэл өнгөрсөн 7 хоногт парламент УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы санаачилсан Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр сургууль, цэцэрлэг дотор хром 2.3 дахин их, хартугалга 2-5 дахин хэтэрсэн байгааг хөндөв. Үүнээс үүдэн хүүхдүүд амьсгалын замын өвчин тусах нь эрс нэмэгдэж, өвчин архагшиж буй аж. Хүүхдүүд хорт хавдар тусаж, өсөлт удааширч, бие бялдар, оюуны хөгжлөөр хоцорч байгааг тодотгосон.
Хүүхдийн цусны хорт хавдар цацраг идэвхит бодис, зарим вирус, генийн шалтгаантай
Тэгвэл цусны хорт хавдар туссан хүүхдүүдийн 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг. Үлдсэн 5 хувь нь удамшил буюу гентэй холбоотой гэж үздэг гэдгийг ЭХЭМҮТ мэдээлж буй.

Хүүхэд энэ өвчнөөр өвчлөхөд сургууль, цэцэрлэгт ашиглаж буй будаг нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.
Монгол Улсад жилд 100-120 хүүхэд цусны хорт хавдар гэсэн онош сонсож байна. Үүний 40-45 хувь нь цусны цочмог хавдартай. Цусны хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн 55-60 хувьд нь лейкеми оношлогджээ. Энэ нь 2-5 насныхны дунд түгээмэл бөгөөд цацраг, химийн бодис, зарим вирус, генийн гэх шалтгаантай байна.
Мөн цусны хорт хавдраар зогсохгүй хүүхдүүдийн амьсгалын замын эрхтэн тогтолцоог гэмтээх, харшил өдөөхийн зэрэгцээ будганд агуулагдах хар тугалга нь хүүхдийн тархи, мэдрэлийн системд асар их хортой нөлөө үзүүлдэг болохыг НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын багийн албаны дарга Т.Хосцэцэг онцолсон юм.
100 сая төгрөгөөс 650 сая болж өссөн сургуулийн их засварт хяналт алга
Тэгвэл сургууль, цэцэрлэгүүд их засвартаа хэдэн төгрөг зарцуулдаг, тухайн зардлын хэдэн хувийг нь хортой гэх будганд зарцуулдаг бол…
2025 онд Сүхбаатар дүүргээс зарласан 3 сургууль, 2 цэцэрлэгийн 1 тэрбум 677 сая төгрөгийн тендерээс зөвхөн их засвар хийх цэцэрлэгийн төсөвт өртөг нь 193 сая байв. Үүнээс 3-4 саяыг нь будганд зарцуулдаг гэнэ. 2025 онд сургууль, цэцэрлэгийн засварт 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Санхүүжилтийг дүүрэг, нийслэлийн төсвөөс гаргажээ. Энэ дүн харилцан адилгүй байх жишээний.


2023 оноос хойш сургууль, цэцэрлэгийн их засварын өртөг орон нутагт хэт нэмэгдэж. Тухайлбал: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургуулийн их засварын өртөг 650 сая төгрөг бол 2023 онд Архангай аймгийн Цэнхэр сумын сургуульд 100 сая төгрөгөөр их засвар хийжээ.Ийм өртөг өндөртэй тендерийн гүйцэтгэл, чанарыг хэн хянадаг юм бэ?
Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Сургууль, цэцэрлэгүүд засвартаа хорт хавдар үүсгэгч будаг, барилгын материал хэрэглэж байгаа. Хүүхдүүд хорт хавдар үүсгэх орчинд сурч болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх хэрэгтэй” гэсэн юм.

Сургууль, цэцэрлэг засвараа 8-р сарын 1 гэхэд дуусгах журамтай. Брлит байдал дээр 8-р сарын 10-наас засвараа эхлүүлдэг. Мөн засвартаа орос болон солонгос будаг ашигладаг юм байна.
Хүний эрхийн үндэсний комиссын 23 дахь илтгэлд дүгнэсэн дотоод орчны агаарын бохирдол, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлууд бүрэн шийдвэрлэгдээгүй, тодорхой ахиц дэвшил өнөөдрийг хүртэл гараагүй байгаа аж. Иймд УИХ-ын 2024 оны 37 дугаар тогтоолд тусгаагүй асуудлаар 2025 онд Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хороо (хуучнаар), Гаалийн ерөнхий газрын дарга, Стандарт, хэмжил зүйн газрын дарга зэрэг холбогдох 7 байгууллагын удирдлага, албан тушаалтанд ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн байна. Тус комисс дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудлыг тогтмол анхаарч, бодлогын түвшинд дэвшүүлэн тавьж ирсэн боловч хэрэгжилт хангалтгүй байгаа тул холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг нэмэгдүүлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгджээ. Өнгөрсөн хугацаанд та бидний хүүхдүүд сурч боловсордог сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарын асуудал хэнд ч хамааралгүй байсаар иржээ.

Харин одоо бид яах ёстой вэ. Нэн түрүүнд сургууль, цэцэрлэгийн засварт ашиглах будагны болон барилгын материалын стандарттай болох хэрэгтэй. Цаашлаад сургууль, цэцэрлэгийн тендерт шалгарсан компани ажлаа стандартын дагуу хийсэн эсэхэд хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
“Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хуулийн хүрээнд норм, стандартыг мөрдөөгүй албан тушаалтанд хариуцлага оногдуулдаг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй. Уг хуулийн төсөл хүүхэд хамгаалах механизм бэхжүүлэх зорилготой. Тус хууль 4 бүлэг, 27 зүйлтэй.

