Прокурорын байгууллага 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3 хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,891 эрүүгийн хэрэг хянажээ.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
“Э…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө, ерөнхий нягтлан бодогч Г.О нар албан тушаалаа урвуулан ашиглаж, 2022.11.16-2023.05.05-ны хооронд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компанийн данснаас 4 тэрбум 776 сая төгрөг гарган авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
-Б.Ц, А.Б нар татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа “Д…” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 2025.09.30-ны өдөр 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэгдсэн байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар, хахууль өгөгч Г.Н-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
-К.М 2023.06.07-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн нэр бүхий иргэнд хуурамч гадаад паспорт олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд бусдаас 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүллээ.

