horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гээд 3 инститүцийн хооронд зодоон үүсвэл дуусахгүй шүү

post-img

УИХ-ын гишүүнийг ёс зүйн хариуцлага алдвал эгүүлэн татах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа.

Хуулийн төсөлд намын жагсаалтаар парламентад сонгогдсон гишүүдэд ёс зүйн хариуцлага алдвал эгүүлэн татдаг байх асуудлыг тусгасан. Уг заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн зүгээс яагаад жагсаалтын гишүүдэд ёс зүйн хариуцлагын асуудлыг тодотгож оруулсан талаар лавлалаа.

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр:

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал 1992 оноос үндсэн хуульд байсан асуудал. Монгол улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар санаачилсан. Иргэд хэн нэгнийг биш намыг дугуйлдаг. Нам жагсаалтын гишүүдийг сонгож оруулсан учраас үүнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагаас намыг мулталж болохгүй. Гэхдээ ёс зүйн хариуцлага тойргоос сонгогдсон болоод намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн аль алинд адилхан үйлчилнэ хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Бямбажаргал яагаад Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг танилцуулахаар орж ирсэн талаар тайлбарлаж өгөөч. УИХ-ын гишүүн Лүндэг чуулганы хуралдаанд хангалттай оролцдоггүй. Лүндэг гишүүний хуралдааныг байнга тасалдаг явдал ёс зүйн зөрчил мөн үү? Ө.Энхтүвшин гишүүний хүн мөргөсөн явдал, М.Нарантуяа-Нара гишүүний хувийн хаягнаасаа лайв хийсэн асуудлын аль алийг УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбож үзэх вэ?

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр:

-Бямбажаргал доктор хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан. Тэгээд ч ҮАБЗ-ийн нарийн бичгийн хувиар хууль санаачлагчид зөвлөх үүрэгтэй. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Та бүхэн өөрсдөө хуулийг батлах хүмүүс. Дээр дурдсан гишүүдийн жишээн дээр чухам аль нь ёс зүйн зөрчил гэж үзэхээ гишүүд өөрсдөө шийдэж хуульчлах учиртай.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Ёс зүйн зөрчил гэж яг юуг хэлж байгаа юм бол? Хууль санаачлагч үүнийг юу гэж харж байгааг тодруулж өгөөч? Би олон зүйлээс уншлаа. Зөвхөн сонгогч өөрөө эгүүлэн татна. Эгүүлэн татна гэдэг үг хэллэг чинь зүйд нийцэхгүй байна. Тангарагаасаа няцсан УИХ-ын гишүүн гэдгийг хэрхэн тодорхойлох юм бэ? Олон улсын жишигт намын жагсаалтыг нээлттэй явуулсан. Иргэд жагсаалтад байгаа гишүүдийг харж байж сонголтоо хийсэн шүү. УИХ гишүүн бүх ард түмний элч байна гэж заасан байдаг болохоос биш намын элч байна гэж заасан байдаг билүү тодруулж өгөөч?

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Бямбажаргал:

-Монгол улсын үндсэн хуульд тодорхой заасан байгаа. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдгийг өөр зохицуулалтаар оруулах гэж байгаа бол үндсэн хуулиа өөрчлөх шаардлага үүснэ. Тэртээ хэдэн зууны өмнөөс ёс зүйн асуудлыг нийгмийн хэм хэмжүүрээр ёс зүй тогтож ирсэн. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцсан бол эгүүлэн татна гээд тодорхой бишээр тусгасан юм байна лээ. Герман, Энэтхэг гээд олон улсад парламентдаа ёс зүйн зөрчлийн асуудлыг хуульдаа тусгасан байдаг.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Таны сая дурдсан улс оронд парламентын ёс зүйн асуудлыг эгүүлэн татах үндэслэл болгож хуульчилсан улс орон байхгүй. Гэмт хэрэгт холбогдож шүүхийн шийдвэр гарсан бол шүүхийн шийдвэрийг бид хэлэлцэхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

– Бусад улс оронд ямар байх бидэнд хамаагүй. Төрийн 3 том институт бие биеийнхээ эрх үүрэгт халдахыг хуулиар хориглосон байдаг. УИХ төлөөллийн байгууллага. Гишүүн бол төрийн эрх мэдлийг баригчид шүү дээ. Наад хууль чинь Ерөнхийлөгчийг УИХ-ын бүрэн эрхэд халдуулах гээд байна. УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдах болохгүйг хуульчилсан байдаг. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад нөлөөлөх заалт орж ирээд байна.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Бямбажаргал:

-Хууль санаачлах хүрээ хязгаарыг заасан байдаг. Үнэн. Монгол улсын Ерөнхийлөгч үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна гэж заасан. Үндсэн хуулийн 33 зүйлийн 4 дэх хэсгийг баримталж хууль санаачилж болно хэмээн тусгасан. Цаашид энэ асуудлыг нэг мөр зохицуулахын тулд эдгээр хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг илүү тодруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-ын бүрэн эрхэд хэн ч халдаж болохгүй. Бид Женко Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан хууль олныг гаргасан шүү дээ. Дараагийн удаа бид Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан хууль санаачлаад батлаад байж мэднэ шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-3 инститүцын хооронд зодоон болоод байвал дуусахгүй шүү дээ. Цөөнхөө шүд цөмлөдөг хууль болчих вий гэдгээс айж байна. Аль ч нам цөөнх болох магадлал бий. Тиймээс маш болгоомжтой хандах ёстой гэв.

УИХ-ын гишүүнийг ёс зүйн хариуцлагаар эгүүлэн татах тухай хуулийн төсөл төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн дунд ширүүн маргаантайгаар өрнөж байна.

0/1000