horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЗТЯ-ны төрийн нарийн асан Б.Насантогтохын хэргийг шалгаж дуусжээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусжээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ.

Б.Насантогтох ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталсан байдаг. Тэрээр эхнэр Ч.Ариунтунгалагийнхаа үүсгэн байгуулсан “Эн Ар Жи хөгжил” ХХК-тай ган голтой хөнгөнцагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргээр АТГ түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгасан юм. Түүнийг “М Си Эс Интернэйшнл” ХХК-д техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэж АТГ буруутгасан. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан хэрэгт сэжиглэгдсэн юм.

Түүний хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгджээ. 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80 мянган ам.доллароор хөрөнгө, орлого нь нэмэгдсэн аж. Б.Насантогтох үүнийгээ АТГ-т хууль ёсных гэж тайлбарлаж, нотолж чадаагүй аж. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна.

АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг нь битүүмжлэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгасан байна. Тэд гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлдээ 3,7 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөнийг тогтоожээ. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авч, санхүүгийн мөрдөгчөөр магадлагаа гаргуулсан байна.

0/1000