Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд нэгдсэн эмнэлэг барьж, ашиглалтад оруулсан. Уг барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас “Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг” төслийн нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван хясан боогдуулах аргаар 2018.12.14-нд 264 сая төгрөгийн хахуул авчээ. Тэр дараа нь 2022.05.04-нд Б.У-аар дамжуулан “Шангрила молл” төвийн орчим 175 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 5” төслийн худалдан авалт хариуцсан ажилтан Б.Цэнд-Аюуш тус төслийн туслан гүйцэтгэгч “М” ХХК -ийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас 4.7 сая төгрөгийн үнэтэй, эрүүл мэндийн матраас хахуульд авсан гэнэ. “М” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтуяа бичиг баримтаа буцаалгахгүйгээр санхүүжилтээ шуурхай авахын тулд Б.Цэнд-Аюушт хахууль өгсөн аж.
Б.Цэнд-Аюуш нөхөртэйгөө хамт Өвөрхангай аймгийн нэгэн суманд 7 хоног амарчээ. Уг амралтынхаа төлбөрийн урьдчилгаа болох 4 сая төгрөгийг Д.Энхтуяагаар төлүүлсэн байв.
Д.Энхтуяа ингээд А.Мөнхтайван, Б.Цэнд-Аюуш нарт нийт 447.7 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогджээ.
АТГ-ын шалгасан энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.08.15-нд хэлэлцээд, Б.Цэнд-Аюуш матраас авсан, амралтын газрын төлбөр төлүүлсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй хэмээн цагаатгаж, А.Мөнхтайваныг хахууль авсан, Д.Энхтуяаг хахууль өгсөн гэм буруутайд тооцжээ. А.Мөнхтайвангийн 5 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 35.5 сая төгрөгөөр торгон, хууль бус орлого болох 149 сая төгрөгийг улсын орлогод хураажээ. Харин Д.Энхтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.12.02-нд уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Цэнд-Аюушийг цагаатгаж, түүнд холбогдох хахуулийн хэргийг дахин шалгуулахаар хэрэг бүртгэлтэд буцаасан бол А.Мөнхтайванд оноосон торгох ял, Д.Энхтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын дээд шүүх 2026.04.08-нд уг хэргийг хянаад, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэж үзээд, хүчингүй болгож, А.Мөнхтайван, Б.Цэнд-Аюуш, Д.Энхтуяа нарт урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх А.Мөнхтайванд ЭМЯ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн албан үүргийг биелүүлэхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл түдгэлзүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан аж. Мөн Б.Цэнд-Аюуш, Д.Энхтуяа нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан юм. Үүнийг үргэлжлүүлэхээр УДШ шийдвэрлэв. Ингэснээр уг хэргийг анхан шатны шүүх буцаалаа.

