ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Өмнөговь аймагт 5.4 тэрбум, Говьсүмбэр аймагт 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох төслийг хүлээн авч эхэлжээ. Энэ онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээр ХХААХҮЯ, ЖДҮГ, аймгийн Засаг даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулсны дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг www.sme.gov.mn цахимаар авч байгааг ЖДҮГ-аас мэдээлэв. Төслийг дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 5 хүртэл хугацаанд хүлээн авч байна.
Таван жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй олгох зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар байх юм. Зээлийг бөөний болон импортын худалдаа, орон сууцны барилга угсралтаас бусад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхан авах боломжтой. Мөн хүнсний боловсруулах үйлдвэр, мал төхөөрөх, мах бэлтгэх, боловсруулах үйлдвэр, газар тариалан, төмс, хүнсний ногооны хүлэмж, зоорийн аж ахуй, хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээс, мал аж ахуй, мал эмнэлэг, мал үржүүлэх технологийн үйлчилгээ, малын тэжээл үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйн салбарт олгох юм.



