Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр чуулган хуралдаж байна. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын гишүүдийг загнаж, ёс зүй ярих ярихгүй зүйлийн хязгаарыг сануулж байсан нь олон нийтийг эгдүүцүүлсэн.
Харин өнөөдөр уг төслийг чуулганаар хэлэлцүүлэх үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “томорч” гишүүдийг гайхашрууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд уг хуулийн төслийн зөвлөхөөр оролцож байгаа А.Бямбажаргал хуульч УИХ-ын гишүүн Б.Жаргаланг “Оюутан байхдаа хүнээр гуйж дүнгээ гаргуулсны улмаас хуулийн мэдлэггүй болгосон байна” хэмээн дүгнэсэн юм. Б.Жаргалан гишүүний асуусан асуулттай холбоогүй, танилцуулж байгаа хуулийн төсөлтэй мөн хамаагүй зүйлийг чуулганы индэрт ярьсан А.Бямбажаргалыг УИХ-ын дарга шүүмжиллээ. Спикер түүнд парламентыг хүндлэх ёстойг сануулсан юм.


