Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд ноднин улс даяар нийт 140 бөхөөс шинжилгээ авсан юм. Шинжилгээгээр улсын наадамд барилдсан 2, аймгийн наадамд барилдсан 10 бөхөөс сэргээш илэрсэн. Тодруулбал: Улсын баяр наадмаар 8 давж үзүүрлэсэн, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас сэргээш илэрснээр улсын гарди цолыг нь хураасан. Мөн 4 давсан, Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалаас сэргээш илэрсэн юм.
Н.Өсөхбаяраас өөх шатаагч, жин хасах зориулалттай бодис бага хэмжээтэй илэрсэн аж. Тэр уг бодисыг санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлж байв.
Тэгвэл Монголын олон улсын ба спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярт холбогдох сэргээшийн маргааныг хэлэлцэж эхэллээ. Уг хурал 2 цаг гаруй үргэжилсэн ч 4-р сарын 24 хүртэл хойшлуулав. Н.Өсөхбаяр гаргасан гомдол болон хурал хойшилсон шалтгааныг мэдээлэх боломжгүй гэсэн юм. Харин баяр наадмын бөхийн салбар хорооноос гаргасан шийдвэрээ хамгаална хэмээв.

