“Хувьсал” продакшн дэлгэцийн 10 дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Тодруулбал: “Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног 4 дүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм.
“Сэтгэлийн уяа” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Э.Батнямбуу тогложээ. Түүнийг үзэгчид “Deja Vu”, “Тэнгэрээс буусан од”, “95:Зүүдний хүн”, “Шар гэгээ” гэхчилэн дэлгэцийн олон уран бүтээлд эерэг, эсрэг дүр бүтээснээр нь андахгүй. Түүнчлэн уг кинонд Э.Батнямбуу гол дүрд тоглохын зэрэгцээ тус уран бүтээлийг найруулсан байна. Энэ нь түүний найруулагчийн дебют болж буйгаараа онцлог. Ташрамд дурдахад: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.

