Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтаар Нарны хороолол орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа Дунд гол руу шавхаж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Тус компани ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээ байгуулаагүй байжээ. Иймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

