Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Ногоон автобусны” гэх тодотголтой гэмт хэргийг мөрдөн шалгаж дуусаад, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024.01.04-нд нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Энэ хэрэгт нийт 27 этгээдийг яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байв.
Уг хэргийн улмаас учирсан 134,5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэргийг шүүх хянан хэлэлцэх явцад эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч “Тэнүүн-Огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
“Тэнүүн-Огоо” ХХК нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тохирсон боловч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн байв. Түүнээс гадна автобуснууд нь гэрээнд тусгасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүйг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ. Тухайлбал:
- Гүүшин холбоо нь урд, хойд тэнхлэг хийн нум амортизатортай бөгөөд хийн нум тохируулагчтай байхаар захиалсан боловч хавтсан нумтайгаар нийлүүлсэн.
- Дулаацуулгын системийг зорчигчдын зааланд 6-аас доошгүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлмээр пийшин халаагууртай байхаар захиалсан байхад халаалтын 4 төхөөрөмжтэй, жолоочийн хэсэгт 1 халаагчтай байв.
- Автобусны хажуу шил нь дээд болон доод хэсгээс бүрдэх бөгөөд аль нэг хэсэг нь гулсаж онгойдог, бууралттай, цантдаггүй, давхар буюу вакум, аюулгүй шил байх ёстой ч зорчигчийн заалны шил дан, бууруулагч байхгүй.
- Автобусны хана, тааз, шалыг өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглосон, битүүмжлэл сайтай байх шаардлагыг огт хангаагүй байв.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн оруулж ирсэн автобуснуудад хөдөлгүүрээс гарах хортой хийн хэмжээг бууруулах “ad blue” гэх төхөөрөмжийн зөвхөн банкийг нь суурилуулсан, өөр ямар нэгэн холболт хийгээгүй тул ажиллах боломжгүй байсан аж. Дээрх төхөөрөмж нь “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон. Автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж, үйлдвэрийн технологийн бус аргаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоожээ.
“Ногоон автобусны” гэх хэргийг одоо Улсын дээд шүүх хянаж байна.


