Г.С бол Т.Д-гийн салсан нөхөр. Тэр гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдээ эхнэртээ үлдээжээ. Тэдний байр нөхрийн нэр дээр бүртгэлтэй. Нөхөр нь байраа булаацалдсан учир шүүх түүнийг эхнэртээ 62.6 сая төгрөг төлөөд, байраа авах шийдвэр гаргажээ.
Уг байр нөхрийн нэр дээр байдаг ч дундын өмч. Тиймээс эхнэрт уг орон сууцаас ногдох хэсгийг 62.5 сая гэж тогтоосон аж.
Гэтэл нөхөр нь уг мөнгийг төлөөгүй атлаа салсан эхнэр, 2 хүүхдээсээ байраа нэхсэн байна. Суллаж өгөхгүй болохоор нь шүүхэджээ. Тэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “…Өмнө нь шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Уг шийдвэрт гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхийг даалгасан. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Уг орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
Үүнд Т.Д “…Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалж, хоёр хүүхдийн асрамжийг тогтоосон. Миний хувьд хоёр хүүхэдтэй амьдрах өөр орон байр байхгүй. Уг орон сууцыг чөлөөлснөөр хүүхдийн эрх зөрчигдөнө. Мөн гэрлэлт цуцалсан шийдвэрээр Г.С-ээс 62,250,000 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн боловч уг төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх салсан нөхрийн шаардлагыг бүхэлд нь биелүүлж, “Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106.1-д заасныг баримтлан өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс өмчөө шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байна.
Үүнийг эхнэр нь эсэргүүцэн давж заалджээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүх “Анхан шатны шүүх энэ маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.
Тиймээс эхнэр нь хяналтын шатны шүүхэд хандсан байна. УДШ 2026.04.09-нд уг гомдлыг хянаад, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. Мөн нөхрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
“Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна” гэж УДШ үзсэн байна. Учир нь өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу Г.С нь Т.Д-д гэр бүлийн дундын эд хөрөнгөд ногдох хэсэг болох 62,250,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2025.07.09-ний байдлаар төлөөгүй байсан. Давж заалдах шатны шүүх төлөгдөөгүй төлбөрийг төлөгдсөн мэт дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.
Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрээр хоёр хүүхдийг эх Т.Д-ийн асрамжид үлдээсэн. Г.С-ийн өмчлөлийн орон сууцнаас Т.Д-г чөлөөлснөөр хоёр хүүхэд нь эхийн хамт тухайн орон сууцыг чөлөөлнө. 2 хүүхдийн асрамжийг нэхэмжлэгч хууль бус гэж үзээгүй тохиолдолд асран хамгаалагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
2 хүүхдээ эхнэртээ үлдээгээд салсан нөхөр тэднээс байраа нэхэн шүүхэджээ
- 2026/04/10
- •
- 0 цаг 38 минутын өмнө
- •
- 2 мин уншина

- Шинэ
- Хандалттай
