11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн гараа 5-р сарын 23-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Үүнтэй холбогдуулан жил бүр хотын төвөөр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгож хэвшсэн.
Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5,000 төгрөгбайна.
Эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг бол гүйлтийн 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг.
Хагас марафон буюу 21 км-ийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 70 мянган төгрөг байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд гүйх бөгөөд 90 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх аж.
Харин тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүйгээр оролцох юм байна.
Энэ жилийн хувьд бүртгэлийн хураамжаа төлсний дараа НӨАТ-ын баримт автоматаар үүсэх тул зай, төрлөө солиулах, засуулах боломжгүй.
Түүнчлэн 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг дараах байршлуудад тавдугаар сарын 1-15-ны 09:00-17:00 цагийн хооронд олгоно.

