Манай улсын иргэд Хятад улсад зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаасаа болж, гадаад паспорт, мөнгө зэрэг эд зүйлээ гээх, олон нийтийн унаанд мартаж буух явдал гарч байна. Гадаад паспортаа гээвэл зочид буудалд орох, буцаж Хятадын хилээр гарах, онгоцоор нисэх, галт тэргэнд суух боломжгүй. Үүнээс болоод захиалсан буудалдаа орж чадахгүй болох, галт тэрэг, онгоцны тасалбараа үхүүлэх зэрэг санхүүгийн хохирол амсдаг.
Хэрвээ Хятад улсад явж байгаад гадаад паспортоо гээвэл тухайн дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж, бичиг баримтаа гээсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас Хятадын хилээр гарах зөвшөөрөл хүсэх ёстой. Зөвшөөрөл гартал 5-7 хоног хүлээнэ.
Ийм тохиолдолд БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй. ЭСЯ паспортоо гээсэн монголчуудад буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулахад нь дэмжлэг үзүүлдэг юм байна.
Иргэд хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг ЭСЯ анхаарууллаа.
БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам:
Шуурхай утас: +8617600787323
+86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn

