Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгХоноцын сэтгэлтэй гишүүдэд ёс зүйгээр эргүүлэн татагдах хууль хамаагүй
- 2026/04/13

- -6 цаг -16 минутын өмнө

- 3 мин уншина

Сүүлийн 10 жил дараалан төр барьж буй МАН эрх мэдлийн зодооноо барьж дийлэхээ больмогцоо парламентын эрх мэдлийг өөрсдийн хурууны үзүүрээр хөдөлгөдөг болгох гэж оролдож буй. Ах нам дотор үүссэн эрх мэдлийн зодооны эх үүсвэр төрийн тэргүүнээс улбаатайг ч нийтээрээ гадарлах боллоо.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сэнтийд залрахдаа намын харьяаллаасаа татгалзсан ч МАН доторх эрх мэдлээ алдахыг хүсээгүйгээс болж, ардын нам доторх тэмцэл хурцадсан түүхтэй. Тэрээр төрийн тэргүүн болохдоо нам доторх нөлөөгөө алдахгүйн тулд нутгийн дүүгээ өөд нь татсаныг хүн бүр мэднэ. Сумын сургуулийн галч хийж явсан итгэлт дүүгээ МАН-ын дарга, Ерөнхий сайд болтол нь өөд татаж, нөлөөгөө намдаа үлдээх гэсэн У.Хүрэлсүхийн төлөвлөгөөг гэвч Л.Оюун-Эрдэнэ дагаагүй. Тусалж дэмжсэн ахынхаа ачийг бодох нь битгий хэл найз Д.Амарбаясгалантайгаа нийлж, үгэнд нь орохгүй өөр баг бүрдүүлж ирсэн учраас хутгаж болох хэрэг төвөг бүгдийг нь сөхөж өдгөө Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын суудалд ахин өөр хүмүүсийг томилоод байна. Мэдээж мөн л У.Хүрэлсүхийн төлөөний хүмүүс.
Гэхдээ энэ бүхэнд Төрийн тэргүүний санаа амрахгүй байна. Магадгүй өнөөдрийн итгэлт дүү нар нь дахиад үгийг нь сөрж, өөдөөс нь ноцож, өөрөөс нь хамаарахгүй эрх мэдэлд хүрчих вий гэдэг болгоомжлол түүнийг амраахгүй байгаа.

Тиймээс Ерөнхийлөгч үгэнд ордоггүй намын дүү нартаа зориулж, УИХ-ын гишүүнийг суудлаас нь эргүүлэн татдаг тогтолцоог өөртөө зориулж хийхээр чадлаараа зүтгэж явна.

Ард түмний нүднээ илхэн өрнөж байгаа парламентын тогтолцоог эвдэж мэдэх хуулийн төслийн дээрх шалтгааныг УИХ-ын гишүүд битгий хэл монголчууд нийтээрээ харж байна. Гэвч 126 гишүүнтэй парламентын гишүүд УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах дээрх хуулийн төслийг нүдэн балай, чихэн дүлий царайлаад батлах шинжтэй болоод явчихлаа.

Магадгүй тэдний заримд нь дээрх хуулийг батлахаас аргагүй байдалд оруулсан шалтгаан байж болно. Эсвэл заримд нь 2 жилийн дараа дуусах бүрэн эрхэд нь нөлөөлөхгүй юм чинь гэсэн үл хайхрах хандлага ч байж мэднэ.

126 гишүүнтэй анхны парламент урьд өмнөх парламентуудаас илүү коллективгүй хамт олон болохыг бид олон жишээн дээрээс харсан. 5 намын төлөөлөлтэй хэр нь дотроо бараг 6-7 хагарч, фракцалсан тэдний таарамжгүй харилцаа эцэстээ эрх мэдлээ үүрд хадгалж үлдэх гэсэн нэгний өгөөш боллоо.

Уг нь УИХ-ын гишүүд хэнээс ч айхгүй, хараат бусаар сонгогчдоо төлөөлж, үгээ хэлж ажиллах үүрэгтэй. Гэхдээ энэ дархан эрхээ Ерөнхийлөгчийн зүтгүүлж буй хуулиас болж алдаж магадгүй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийн төсөл одоогийн 126 гишүүнд гэхээсээ илүү дараа дараагийн Монголын парламентын чанар чансааг унагаах хонгилыг ухах эрсдэлтэй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэгт эсэргүүцэх үндэслэл олныг тайлбарласан Б.Баярбаатар, А.Ариунзаяа нарын гишүүд УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах хуулийг дэмжиж саналаа өгсөн. Тэд бол эсэргүүцэх үндэслэл байгааг хууль зүйн тайлбартайгаар олны өмнө попорч попорчхоод, саналаа эсрэгээр нь өгчихдөг 2 нүүртэй өнөөгийн улстөрчдийн нийтлэг төрх.

Монголын төрд хоноцын сэтгэлээр хандаж буй гишүүдэд манай улсын парламент ирээдүйд хүчтэй, хараат бус ажиллаж чадах эсэх нь падлийгүй бололтой.

Сүх дайтал үхэр амар гэдэг шиг УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг намнатал надад хамаагүй гэдэг агуулгаар УИХ-ын гишүүнийг ёс зүй нэрийн дор эргүүлэн татах хуулийг тоолгүй батлуулах магадлал өндөр байна. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ирэх пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийднэ.

- Шинэ
- Хандалттай