horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Рэгдэл: Ж.Гүррагчаа 3 орос нисгэгчийг сансарт борцтой шөлөөр дайлсан юм

post-img

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 65, монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиож байна. Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисэгч В.А.Жанибеков нар 1981.03.22-ны 14:58 цагт Байконур дахь Сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз 39” хөлгөөр сансарт хөөрсөн түүхтэй. Тэд “Союз 39” хөлгөө “Салют 6” сансрын станцтай холбож, 7 хоног 20 цаг 42 минутыг сансарт өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэд Дэлхийг 124 удаа тойрч, олон туршилт, судалгаа хийгээд 3-р сарын 30-нд Улаанбаатарын цагаар 09:42 цагт буцаж ирсэн байна.

Монгол хүн сансарт нисэхэд хийсэн зарим туршилтын талаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, УИХ-ын гишүүн Д.Рэгдэлээс тодрууллаа.

-Сансарт монгол хүн нисэхтэй зэрэгцэн манай эрдэмтэд олон туршилт хийсэн байдаг. Тэр үед эрдэмтэд юу хийж байв?

-Тэр үед Монгол Улс 1 намын системтэй байлаа. МАХН сансрын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөр боловсруулах үүргийг ШУА-д өгсөн юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ШУА 8 хүнтэй Сансар судлалын тасаг байгуулсан. Энэ тасаг үндсэндээ Ж.Гүррагчаа баатрыг сансарт нисэхтэй холбоотой шинжлэх ухааны 32 туршилтын хөтөлбөр боловсруулсан. Эдгээрээс хамгийн олон туршилтыг сансрын биологи, анагаах ухааны чиглэлээр хийсэн.

-Сансарт монгол хүний хийсэн туршилтуудаас олон нийтэд хамгийн хүртээмжтэй нь чацаргана байжээ. Ж.Гүррагчааг сансарт ниссэнээс хойш монголчууд чацарганаа сайн мэддэг болжээ дээ?

-Сансрын биологи, анагаах ухааны чиглэлээр хийсэн туршилтын 1 нь чацарганых. Сансарт нисэж буй хүний биед олон сөрөг үр дагавар үүсдэг. Түүнийг чацарганы тосны үйлчилгээгээр бууруулах зорилт тавьсан. Туршилтыг Ж.Гүррагчаа баатар өөрийн бие дээр хийгээд ирсэн. Үр дүн сайн болсон. Хүний биед үүсдэг чөлөөт радикал гэдэг хортой бодисыг 2.5 дахин бууруулсан. Энэ бол маш өндөр үр дүн. Үүгээр манай Монголын чацарганы тостой бүтээгдэхүүн сансрын хоолны цэсэнд ороход бэлэн болсон. Чацаргана бол сансрын хоолны цэсэнд сайн тохирох хүнс байгаа юм.

-Хамгийн сонин туршилт нь юу байсан бол?

-Сансарт нисэх үед хүний биед бодит болоод хийсвэр мэдрэмжүүд үүсдэг. Үүний нэг нь жингүйдлийн үед хүний толгойд очих цус нэмэгдсэнээс болоод толгой өвддөг. Энэ үед толгой эргэх шинж байнга илэрнэ. Сансрын эмч гэдэг Л.Лхагваа доктор “Хүзүүвч” төсөл санаачилж, сансрын нислэгт бэлтгэж байсан Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог, Д.Сүрэнхорлоо нарт хэрэглүүлж үзсэн. Зөв зүүвэл толгойд очих цусны хэмжээг зохицуулж болох юм байна гэдэг нь нотлогдсон.

Хамгийн сонин туршилт бол “Биоритм” гэж “Сансрын” Л.Лхагваа агсны туршилт байлаа. Л.Лхагваа сансрын нислэгийн дараа биоритм гэдэг сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

Хүн газар дээр амьдрахдаа өдөр, шөнө гэсэн биоритмтэй. Тэр нь 24 цагт 1 удаа солигддог. Сансарт болохоор сансрын хөлөг Дэлхийг тойрох замд 20 гаруй удаа өдөр, шөнө солигддог. Цаг тутам өдөр, шөнө солигдохоор хүний биед яаж нөлөөлж байгааг Ж.Гүррагчаагаас асуун, асуумж бөглүүлж авсан. Энэ бол сансрын нислэгийн түүхэнд анх удаа хийсэн трушилт.

Ийм олон сонирхолтой туршилтыг Сансар судлалын тасгийн 8 залуу хийсэн. Бид дунджаар бүгд 30 орчим настай байсан. Би бас 30-аад настай байсан, тэр үед.

-Сансарт борц туршсан гэдэг. Туршилт хийсэн юм уу, хооллосон юм уу?

-Борц бол туршилт биш. Борц уг нь сансрын нислэгт авч явах нэлээд хэдэн шаардлагыг хангадаг хүнс. Ганцхан хангадаггүй юм нь агаарт бутардаг. Сансрын жингүйдлийн орчинд бутрамтгай юмыг хөлгийн бүхээгт гаргавал нисээд явчихдаг. Нисэж яваад хүний ам, хамраар дамжин, уушгинд орох эрсдэлтэй. Тэгэхээр тэр хүчин зүйлийг арилгаад, сансарт борц ашиглах боломжтой юм уу гэдгийг туршихыг ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай бидэнд хэлсэн юм.

Тэгээд бид 3 жил Богдхан ууланд Хүрэлтогоотод монгол үхрийн махаар борц хийж, шинж чанарыг нь судлаад, яг сансрын нөхцөлд 60-аас дээш градустай халуун ус хийхэд уусдаг шөл хийсэн. Уусдаг кофе маягийн. Уг шөлөөр Ж.Гүррагчаа баатар сансарт 3 нисэгчийг дайлсан. Ж.Гүррагчаа баатрыг сансарт Оросын 2 нисэгч хүлээж байгаа. Жанебеков очно. Тэр 3-т монгол хүний зочломтгой занг харуулах үүднээс Ж.Гүррагчаа баатар 3 орос нисгэгчийг монгол хоолоор дайлж байгаа юм. Тэр борцны шөл их таалагдсан тухай тэр үеийн Оросын гол гол сонин хэвлэлд олон сайхан дурсамж, ярилцлага хэвлэгдсэн. Үнэхээр сайхан амттай, тайламжтай үнэртэй. Ориг шөл монголчууд хэрэглэж байжээ гээд.  

0/1000