Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцахаар шалгуулагсдын эх хэлний мэдлэгийг үнэлэх зорилготой мнгол хэл, бичгийн шалгалтыг улс орон даяар 4 дүгээр сарын 9, 10-нд зохион байгууллаа. Энэ жилийн шалгалтын 12 дугаар ангийн “А”, “Б” хувилбарт Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урддаггүй” өгүүллэгийг эх зохиол болгон сонгожээ.
Үүнийг олон нийт эрс шүүмжилж байна. Багш, сурагч, эцэг эхчүүдуг зохиолыг нууц амраг, айл эзгүйчилсэн эрийн сэдэвтэй гэж үзээд, зохиолын агуулга нь сурагчдын нас, сэтгэхүйд тохироогүй гэж үзэж байгаа юм. Үүнийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан ч хүлээн зөвшөөрч, ажлын хэсэг гарган, уг шалгалтын материалыг бэлтгэсэн хүмүүсийг шалгуулахаар болсон тухай мэдэгдэв.
Тэгвэл Боловсролын үнэлгээний төв уг асуудалтай холбогдуулан өнөөдөр мэдэгдэл гаргалаа. “Тугжавын дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэлт маягаар үзүүлсэн. Морийг нь боргох төдийд сандран малгайгаа өмсөж, хүнийрхүү байдлаар цомцойн сууж байгаа Тугжав гэрээс сүүлээ хавчин гарч буй нохой шиг л юм гэдгийг харуулсан. Үүнийг зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хүн бүхэнд сургамжтай. Өөрөө өөртөө эзэн байж, амьдралд өөрийн байх ёстой газраа, байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм” гэж уг мэдэгдэлд тайлбарлажээ.


