horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Н.Учралын үгэнд дөрөөлөн, ТҮЦ-ээ буцаагаад байрлуулж байна

post-img

Саяхан ТҮЦ-нүүд нийслэлийн хөгжлийн гацаа болж буй мэтээр сүр дуулиантайгаар  ярьж, албадан нүүлгэх захирамжийг хотын дарга Х.Нямбаатар гаргасан. Нэг талаараа олон нийтэд “Хот цэгцэрлээ”хэмээн сайрхаж байсан ч өнөөх ТҮЦ-нүүд нь “эргэн ирлээ”.

Зарим нь шинэчлэгдэж. Үндсэндээ хотын зарим байрлалд хэдэн бор ТҮЦ харагдаж буй бол хаа нэгтээ автобусны дулаан зогсоол гэх байгууламжийг ТҮЦ болгож. Тиймээс цаашид ТҮЦ-гийн стандарт гэх зүйл байх эсэх талаар сурвалжиллаа.

ТҮЦ-үүдийг түүхэн үүрээ гүйцэтгэсэн гэдэг. Тэгвэл дахин түүх бүтээхээр ирж. 2025 оны наймдугаар сар гэхэд 100 гаруй байрлалд  байсан 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Чөлөөлье” уриалга дэвшүүлж “ТҮЦ эрхлэгчдийг дэмжинэ. ТҮЦ, дугуй засвараас эхлээд, айл өрхийн амьжиргааны эх үүсвэрийг хурааж, нураадаг байдлаас иргэнээ чөлөөлнө” хэмээн мэдэгдсэн.
Уг мэдэгдэлд үндэслэн ТҮЦ-гээр бизнес эрхлэгчид ТҮЦ-ээ дахин байрлуулж, худалдаа эрхэлж эхэллээ. Багшийн дээд орчимд гэхэд 2 бор ТҮЦ авчирч тавьжээ. Мөн МУИС-ийн урд талын автобусны буудал орчимд ТҮЦ бий болжээ. ТҮЦ эрхэлж буй худалдагч нар “Зөвшөөрөлтэй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин харьяа дүүргийн ЗДТГ тухайн ТҮЦ-үүд зөвшөөрөлгүй бөгөөд нэг л мэдэхэд буцаагаад нүүлгээд ирдэг гэх.

Ерөнхий сайд Н.Учрал ТҮЦ эрхлэгч нарт зөвшөөрөл өгнө мэт зүйл ярьсан нь дүүргийнхэнд хүндрэл учруулав

Мөн цаашлаад төр, засгийн уялдаа холбоогүй шийдвэр нь гүйцэтгэх шатны албан тушаалтнуудад хүндрэл учруулж буй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд ТҮЦ эрхлэгчдийг дэмжинэ гэж хэлсэнд дөрөөлж ТҮЦ-нүүд дахин гарч ирж. Сүхбаатар дүүрэгт гэхэд 100 айл, Сансар, МУИС, Багшийн дээд гэх мэт байршилд ТҮЦ эргэн иржээ. Харин энэ талаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэхдээ “Эдгээр ТҮЦ зөвшөөрөлгүй учраас нүүлгэх гэж байгаа. Нүүлгэхээр очиход урдаас хэл амаар доромжилж, түрэмгий аашилдаг. Бид нүүлгэдэг ч буцаад ирдэг.

Ер нь бусдад таалагдах гэж “ТҮЦ эрхлэгч нарт зөвшөөрөл өгнө” мэт зүйл ярьсан нь бидэнд хүндрэл учруулж байна. “Зөвшөөрнө, дэмжинэ” гээд хэлсэнд нь дөрөөлж, ТҮЦ-ээ авч ирээд тавьчхаад байна. Одоогоор хэчнээн байрлалд зөвшөөрөлгүй ТҮЦ байгааг мэдэхгүй” гэсэн юм.
Сүхбаатар дүүрэгт ТҮЦ тойрсон асуудал ийм байгаа бол Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт автобусны дулаан зогсоолыг ТҮЦ байдлаар ашиглаж эхэллээ. Сонгинохайрхан дүүрэгт Таваншарын ард талын автобусны буудал орчимд байгуулсан дулаан зогсоолыг ТҮЦ болгон ашиглаж байгаа аж.

Сонгинохайрхан дүүрэгт автобусны дулаан зогсоолуудыг ТҮЦ болгоно

120 мянгатын Автобусны буудал дахь дулаан зогсоолд ТҮЦ нүүж орсон. Уг зогсоолыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан хувийн хөрөнгөөр барьсан тул ТҮЦ ажиллуулж байгаа гэх тайлбарыг Хан-Уул дүүргийнхэн хэлж буй. Дүүргүүдэд ТҮЦ байрлуулж болох байршлуудыг тогтоож өгсөн гэх бөгөөд тухайн байрлалуудад биш батлагдаагүй, зөвшөөрөөгүй байрлалуудад ТҮЦ авчирч тавих, эсвэл дулаан зогсоолыг ТҮЦ болгон ашиглах зөрчил бий боллоо. Дулаан зогсоолыг ТҮЦ болгосон асуудал ганцхан Хан-Уул дүүрэгт биш, Сонгинохайрхан дүүрэгт ч түглээ.
Дулаан зогсоолыг ТҮЦ болгосон асуудлаар Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүрэгт 21 дулаан зогсоол байна. Одоогоор Таваншар орчмын нэг дулаан зогсоолд ТҮЦ байгуулахаар гэрээлсэн. Гэвч тухайн ТҮЦ эрхлэгч гэрээгээ зөрчиж, дулаан зогсоолын үндсэн талбайд орчихсон байсан. Угтаа дулаан зогсоолын жижиг талбайг ашиглахаар бид гэрээлсэн. Тэд гэрээгээ зөрчсөн тул бид гэрээг цуцалж байгаа. Гэхдээ цаашид хотын удирдлагаас өгсөн чиглэлд үндэслэн, дүүргийн засаг дарга захирамж гарган ажиллаж байгаа. Дулаан зогсоолууд нээлттэй байхаар хүмүүс эвдэж сүйтгэх, орж хонох асуудал удаа дараа гарсан. Иймд ТҮЦ байрлуулах хүсэлт гаргасан иргэдийг харж үзэж, дулаан зогсоолуудыг эзэнтэй байлгах зорилгоор ТҮЦ болгох захирамжийг СХД-ийн засаг дарга гаргасан. ТҮЦ эрхлэгч тухайн дулаан зогсоолын ашиглалтыг хариуцаж ажиллахаар гэрээнд тусгасан” гэсэн юм.

Нийслэлээс ч мөн адил энэ чиглэлийг дүүргийн Засаг дарга нарт өгч.Үндсэ ндээ өмнө нь ТҮЦ ажилуулдаг байсан өрх толгойлсон эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч дүүрэгт бүрт тодорхой байршил заасан газарт ТҮЦ ажилуулах зөвшөөрлийг олгож байгаа аж. Харин батлагдснаас бусад байршилд ТҮЦ байршуулбал ачих арга хэмжээ авч байгаа юм. Саяхнаас нэгнийхээ эр зоригтойгоор хийсэн өөрчлөлт шинэчлэлтийн эсрэг мэдэгдлийг Ерөнхий сайд нь гаргаж, намжсан асуудлыг буцаагаад дэвэргэв. Цаашлаад автобусны дулаан зогсоолуудыг ТҮЦ болгосноор ТҮЦ-ээ буцаагаад авчирч болох мэт ойлголтыг өгөв.
Нэгэнт ТҮЦ-ээ цэгцлэхгүй юм бол стандартаа тогтоож мөрдүүлье. Одоогоор ТҮЦ-гийн батлагдсан стандарт байхгүй. 2022 онд стандартын загвар боловсруулсан байсан. Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газар эцэслэж батлах байсан ч энэхүү стандартыг эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж гэх мэт хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлаагүй. Нэгэнт бид цэгцрэх бодлогод чиглэж байгаа бол ТҮЦ-гийн нэгдсэн стандарт батлах шаардлага бий болж. Үгүй бол ТҮЦ гэх амбаар дахин бий болж хөгжлийн гацаа болох нь.

0/1000