Улсын хэмжээнд жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 76,561 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 250 мянга гаруй хүн ажилладаг байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 1.1 их наяд төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл цаашид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт олгодог зээлийн хурдан шуурхай болгох асуудлаар ХХААХҮ-ийн Ц.Идэрбат дараах мэдэгдлийг хийжээ.
Ц.Идэрбат “Жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээлийг олгоход 4-5 удаагийн сонгон шалгаруулалт явуулж, хорлож байгаа мэт намар олгодог. Гэтэл Монгол Улсын эдийн засаг хавар, зун сэргэдэг. Өвөл, намартаа эдийн засаг зогсонги байдалд орчихдог. Тиймээс бид жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн дүрэм журмыг ил болгохоос эхлээд олон өөрчлөлтийг хийж шаардлагагүй шат дамжлагуудыг зогсооно. Бусад нь байтугай өөрөө ойлгохгүй гинжин хэлхээтэй шат дамжлага, журмуудаас чөлөөлье.
Дараагийн шатандаа очоод гацдагаас болж зээл авах процесс удааширдаг. Чирэгдэл болж авсан зээл тал дугуй шиг. Тэгээд хохирол эргэн төлөлт зэрэгт асуудал үүснэ. Тийм учраас энэ 7 хоногт жижиг дунд үйлдвэрлэгчид зээл авахад хүндрэлтэй дүрэм журмыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж өөрчилж, чөлөөлөх арга хэмжээ авна” гэлээ.

