horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Барьж дуусаагүй барилгад 53.6 сая төгрөгийн татвар ногдуулжээ

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс “Ө” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 53.6 сая төгрөг оногдуулжээ. Тус барилга өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч 73%-ийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтаар нь ашиглах, өмчлөх боломжгүй. Ийм барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсныг тус компани эсэргүүцэн, татварын ногдуулсан актыг хүчингүй болгохыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс шаарджээ.

Гэтэл Татварын хэлтсийн байцаагч “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хасагдах хүртэлх өмчилж байсан хугацаанд ногдсон татварын өрийг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдэн хувийн гүйцэтгэлтэйгээс үл хамааран, улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэгдсэн өдрөөс эхлэн, албан татвар ногдуулах зохицуулалттай. Барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээгээр татвараас чөлөөлөгдөх зохицуулалт байхгүй” гээд хүлээж аваагүй аж.

Тиймээс тус компани шүүхэд хандсан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025.11.10-нд уг хэргийг хэлэлцээд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1-д “Иргэний хуулийн 84.3-д заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, Иргэний хуулийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. Нэхэмжлэгч нь банканд барьцаа болгох зорилгоор 2022 онд 73%-ийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгүүлж, гэрчилгээ авсан. 2024 онд үл хөдлөх эд хөрөнгийг 100% гүйцэтгэлтэй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь тогтоогдож байна. Иймд татвар ногдуулсан нь үндэслэлтэй” гээд “Ө” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Ингээд тус компани давж заалдсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2026.02.05-нд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг тус хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” гэж заасан. Татвар ногдуулан нэхэмжлэх үүсгэхдээ улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран, эд хөрөнгийн үнийн дүнг хэрхэн тооцох талаар нягтлан шалгах ажиллагаа хийгээгүй. Суурь үнэлгээ тооцсон эсэх, ямар суурь үнэлгээнээс тооцсон болох нь тодорхойгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь 73%, 100% гүйцэтгэлтэй буюу татвар ногдуулах үнэлгээ ялгаатай хугацааг хамруулан татвар ногдуулж байгаа нь ойлгомжгүй. Байршлын бүсчлэлээс хамаарч, ямар бүсийн тариф коэффициентийг үндэслэн ногдуулсан нь тодорхойгүй” гэж дүгнэн, “Ө” компаниад татвар ногдуулсан актыг 3 сар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгажээ.

УДШ уг хэргийг 2026.04.14-нд хянаад, “Дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үндэслэл үгүй. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тооцох талаар тодорхой заагаагүй. Энэ нь өөрөө татвар тодорхой байх заримд нийцээгүй” гэж үзлээ.

0/1000