horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

З.Батбаяр: Туул голын усанд өвчин үүсгэгч нян маш их байна

post-img

Усны газраас Туул голын өнөөгийн нөхцөл байдал, бохирдлын талаар мэдээлэл өглөө. Туул гол Хэнтий нуруунаас эх авч, 880 километр урсдаг гэж үздэг. Тэгвэл Усны газраас 3 сар тутамд Туул голын бохирдлыг тодорхойлох шинжилгээг хийдэг байна. Энэ удаагийн шинжилгээг 3-р сарын 10-нд хийжээ. Тус шинжилгээний дүнгээр Туул гол маш их бохирдолтой гарсан талаар Усны газраас мэдээллээ.

Усны газрын дарга З.Батбаяр “Сүүлийн 20-30 жилд бидний шинжилгээгээр Туул голын бохирдол Зайсангийн гүүрнээс дээш цэвэр, доош бохирдолтой гардаг байсан. Гэтэл энэ удаад Яармагийн гүүр, Маршалын гүүр, Биокомбинат, Шувуунфабрик, Зайсангийн гүүр, Сонгины гүүр орчмоор урсах Туул голоос дээж авсан. Өмнөх шинжилгээнүүдээр цэвэр байсан Баянзүрхийн товчооны гүүр орчимд Туул голын ус бага зэргийн бохирдолтой болж. Цаашлаад нянгийн тоо 20 мянга буюу зөвшөөрч болох хэмжээнээс 2 дахин их байна.

Маршалын гүүр орчимд Туул голын усны бохирдлын индекс 138-д хүрч, маш бохир гэж гарсан. Мөн гэдэсний бүлгийн савханцар, нян илэрсэн. Яармагийн гүүр орчимд усны чанарын индекс харьцангуй сайн байсан. Гэтэл Сонсголон орчимд индекс 136-д хүрч, 30 мянган нян илэрсэн. Хэрэв энэ хэсгийн уснаас уувал ходоодны өвчин үүсэх эрсдэлтэй байна.

Харин Биокомбинат орчимд усны чанарын индекс 454 буюу бохирдол нь байж болох дээд цэгтээ хүрсэн. Нянгийн тоо 300 мянга, гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч илэрсэн. Биокомбинат орчимд Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн нь Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой. Тус байгууламж Туул голын бохирдлын эх үүсвэр болсны жишээ. Цаашлаад Шувуунфабрик орчимд Туул голын усны чанарын индекс 611-д хүрч, нянгийн тоо 250 мянга, гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч дээд хязгаартаа хүрсэн” гэлээ.

Туул голын усыг сар бүр шинжилнэ

Усны газар энэ удаад 6 гүүр орчмын уснаас 12 дээж авчээ. Үүгээр Улаанбаатар хот орчимд Туул голын ус маш их бохирдсон гэж дүгнээд буй. Цаашид Туул голын усыг сар бүр шинжлэхийн зэрэгцээ Тэрэлжийн гүүр орчмын усны бохирдлыг мөн шинжлэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөл буурахгүй, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагийн шалтгаан нь Туул голын бохир устай салшгүй холбоотойг Усны газрын дарга З.Батбаяр онцоллоо.

Хүүхдүүд 21-р зуунд байх ёсгүй өвчнөөр өвчилж байгаа нь гадаргын ус бохирдсоны шинж. Ийм цаашид Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах, айл бүрийн нүхэн жорлонгийн бохирыг соруулдаг байх хэрэгтэйг санууллаа.

0/1000