Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

УИХ дахь нам, эвслүүд хэр найрамдалтай байгаа нь өчигдөр ерөнхийдөө тодорхой боллоо. 126 гишүүний 25 нь санал өгөхөөс зайлсхийн, ажлаа тасалсан бол Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтад 101 гишүүн оролцов. Тэдний 57 нь уг төслийг дэмжиж, 44 нь нь эсрэг санал өгөв. Ийм л юм хүсэж С.Бямбацогт энэ төслийн санал хураалтыг 6 хоногоор хойшлуулсан шүү дээ. Тэр үүргээ гүйцэтгэлээ.

Дэмжсэн 57 гишүүний 36 нь МАН, 19 нь АН, 2 нь ИЗНН-ынх. Дэмжээгүй 44 гишүүний 21 нь МАН, 13 нь АН, 4 нь ХҮН, 4 нь Үндэсний эвсэл, 2 нь ИЗНН-ынх. Жилийн өмнө хуваагдсан эрх баригч намын бүлэг ЗГ байгуулахад түр найрамдсан. Энэ бол тодорхой. Тэрийгээ ч нотолж, тус тусдаа эсрэг санал өглөө. Дэмжихгүй гэдгээ ил илэрхийлсэн Г.Лувсанжамц, Х.Номинчимэг, Х.Баттулга, Г.Уянгахишиг, Ж.Золжаргал нарын гишүүн түүнийгээ нотолсонгүй. Ам, ажил нь алд дэлэм зөрөв.

АН-ынхан харин нэгдсэнгүй. Бүлгийн даргын ажлаа өгөлгүй, бүх эрх мэдлийг гартаа атгах гэж зүтгэж яваа О.Цогтгэрэл бүлгээ өдрөөс өдөрт хувааж, хүчийг нь сулруулж байгаа нь ил болов. Овоо нэгдэх, нийлэх шинжтэй болж явсан тус намынхан буцаад толгой толгойгоо мэдэж эхэллээ.

4-хөн гишүүнээ нэгтгэж чадалгүй, 1:1:2-оор нь хуваачихсан Б.Батбаатар харин яаж энэ удаад 2:2 болсон юм. Д.Нарантуяа-Наратайгаа анхнаасаа түнжингүй байсан тэр энэ удаад ганцаардаад ирмэгц өнөөхтэйгөө найрамджээ. Зэрэгцэж зогсоод, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Санал өгөхдөө ч Д.Нарантуяа-Наратайгаа нэг талд гарав.

Г.Лувсанжамц, Х.Номинчимэг, Х.Баттулга, Г.Уянгахишиг, Ж.Золжаргал нарын гишүүн түүнийгээ нотолсонгүй. Ам, ажил нь алд дэлэм зөрөв.

ХҮН харин 8 гишүүнээ нэг дуутай байлгаж дөнгөсөнгүй. Уг хуулийн төслийг дэмжихгүй гэдэг дээр тус намын зөвлөл нэгдсэн тухай мэдээлсэн ч санал өгөхөд тал нь зугтаж, тал нь үгэндээ хүрэв. Ямар ч байсан хагасыгаа бүүр эсрэг талд нь гаргачихсангүй.

Үндэсний эвсэл харин эвтэй байлаа. Дэмжихгүй гэсэн байр сууриндаа бүгд зогсов. Хэн нь ч бултсангүй. Бас урвасангүй. Н.Номтойбаяр Шадар сайд болсон гээд саналаа худалдсангүй.

Н.Учралын ЗГ-т багтсан сайд нараас Т.Доржханд, Б.Найдалаа хоёр намынхаа зөвлөлийн, Ц.Идэрбат, Ч.Номин хоёр фракцынхаа шийдвэрийг дагаж, эсрэг санал өглөө.

Г.Дамдинням, С.Амарсайхан, Ж.Энхбаяр нар давхар ажлаа үл тоож, бултав. Зугтсан ч байж мэднэ.

Э.Бат-Амгалан, Д.Батлут, З.Мэндсайхан, Б.Энхбаяр, Б.Батцэцэг, Л.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Э.Батшугар, Ж.Алдаржавхлан, Б.Дэлгэрсайхан, Т.Аубакир нар намынхаа ил, далд хоёр даргын дохиог үг дуугүй гүйцэтгэв.

- Шинэ
- Хандалттай