horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байхад олон нийтийн цагдаа хяналт тавина

post-img

Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.

Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах юм.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан.

Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.

Мопед , скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.

-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх

-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.

-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.

Иймд иргэд болон жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

0/1000