Замын цагдаагийн газрын албан тушаалтан О.Наранбаяр хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж явахдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа машин жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон Л.Бат-Ундралыг илрүүлжээ. Тэр түүнийг түр саатуулах, Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авах ёстой байсан ч Л.Бат.Ундралаас 100,000 төгрөгийн хахууль аваад, явуулжээ. Энэ нь илэрч, тэр хахууль авсан, Л.Бат-Ундрал 100,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт тус тус холбогдов. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх О.Наранбаярыг нийтийн албан тушаалтан атлаа хахууль авагчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оноов. Л.Бат-Ундралыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгожээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар нотлох баримтаар бүрдүүлсэн байх ёстой. Шүүгдэгч О.Наранбаяр ам бүл 3. 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэр цагдан хоригдож байгаа учир үр хүүхдээ асран хамгаалах үүрэг нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн. Хуульд заасан үндэслэлээр эрхийг нь хязгаарлаж, хорих байгууллага, цагдан хорих төвд эцэг, эхийг нь тусгаарлаж хорьсон тохиолдолд насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ талаар олон улсын гэрээ конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуульд тусгасан байхад энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй байна. Шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлыг мөрдөн байцаагч бүрдүүлэх шаардлагатай” гэж үзээд, 2026.04.16-нд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.
Тиймээс энэ хэрэг мөрдөн байцаалтад буцлаа. АТГ уг хэрэгт О.Наранбаярыг шийтгэхдээ гэр бүлийн байдлыг нь тодорхойлж, холбогдох баримтыг хавсарган, хүүхдийг нь хэрхэх талаарх саналаа гаргах ёстой болж байна.

