Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
ЖДҮГ-ыг Дархан луу бүрэн нүүхийг даалгажээ
- 2026/04/21

- -3 цаг -45 минутын өмнө

- 3 мин уншина

Жижиг, дунд үйлдвэрийн газрыг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу бүрмөсөн нүүлгэхийг Үндэсний аудитын газар зөвлөжээ. ЖДҮГ-ын зарим албан хаагч Улаанбаатарт, зарим нь Дарханд ажиллаж байна. Улаанбаатарт ажиллаж буй ажилтнуудын байрны зардалд 19.3 сая төгрөг давхардуулан зарцуулж байна.

Энэ нь ЗГ-ын 2024.09.11-ний өдрийн 32 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-т “Төвийн бүсийг Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхтэй холбогдуулан, ХХААХҮЯ болон түүний харьяа байгууллагуудыг Дархан-Уул аймагт нүүлгэн шилжүүлэх ажлыг төлөвлөн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт даалгасугай” гэсэнтэй нийцэхгүй байна гэж ҮАГ үзжээ. Тиймээс Засгийн газрын уг шийдвэрийг биелүүлж, яамыг харьяа газруудтай нь Дархан луу шилжүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, улсын төсвийг хэмнэлттэй зарцуулахыг зөвлөсөн аж.

Төрийн өмчийн их сургуулиудыг хотоос гаргах санаачилга 2003 онд гарсан ч 23 жил өнгөрч байхад ганцыг ч нүүлгэж чадаагүй. Яамдыг хотоос гаргах тухай бас л олон жил ярьсаар Ж.Энхбаяр арайхийж ганцыг гаргасан ч М.Бадамсүрэн буцаах санаа цухалзуулаад, буцлаа даа. Ц.Идэрбат харин одоо ХХААХҮЯ-ыг хотоос гаргах ажлыг гүйцээх үүрэгтэй. ХААИС-ийг ч хотоос гаргаж, Дарханд аваачих хэрэгтэй байгаа.

Улаанбаатарт ажиллаж буй ажилтнуудын байрны зардалд 19.3 сая төгрөг давхардуулан зарцуулж байна

ХХААХҮЯ-ыг Улаанбаатар хотоос гаргах саналыг УИХ 2024.08.23-нд дэмжиж, 2024.09.11-нд Засгийн газар Дархан руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг төвийн бүс гэж зарлан, Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгохоор ЗГ төлөвлөв. Түүний дагуу ХХААХҮЯ-ыг Ж.Энхбаяр сайд Дархан луу нүүлгэж, Засгийн газар 2.4 тэрбум төгрөг гаргаж өгсөн түүхтэй.

УИХ-ын тогтоолтой учраас тус яамыг Дарханаас буцаагаад, Улаанбаатар луу авчрах эрх сайдад үгүй. Тэр үеийн УИХ-ын гишүүдийн зөндөө нь одоогийн парламентад байж л байна. Сайд нар нь ч тэр чигээрээ шахам байж л байгаа. УИХ, ЗГ 7 хэмжиж 1 огтлох ёстой. Хэмжилгүй огтолчхоод, нийлүүлж наагаад, эвдэж сүйтгээд байж болохгүй.

Наанадаж Улаанбаатарын утааг шингэлэх, замын түгжрэлийг багасгах зорилго тавьж, цаанадаж төвийн бүсэд салбарын яамыг нь ойртуулан, бодлогоо газар дээр нь барих, шийдвэрээ шуурхай хэрэгжүүлэх зорилго тээн, ХХААХҮЯ-ыг нүүлгэсэн байж таарна.

Ийм их хөрөнгө мөнгө зарцуулж нүүлгэсэн, төвлөрлийг сааруулах үүрэгтэй ажлыг Г.Занданшатарын ЗГ бүрмөсөн шийдэж чадахгүй алцагнасаар огцорсон

Тус яамны 121 ажилтны 52 нь Дархан руу нүүжээ. Тэднийг орон байртай болгохын тулд улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөг гарган, орон сууцны зээлийн урьдчилгаанд нь өгч, 3%-ийн хүүтэй зээлээр Шинэ Дарханд байранд оруулсан байна. Улсын төсвөөс орон сууцны урьдчилгааг нь төлж, хаана ч байхгүй маш бага хүүтэй ийм зээлээр байр өгөөд, ажлын байрыг нь хэвээр нь хадгална гэвэл Улаанбаатараас нүүх хүн бишгүй олдоно. Бас болоогүй, орон нутгийн нэмэгдэл гээд цалин дээрээ нэмж мөнгө авч байгаа.

Ийм их хөрөнгө мөнгө зарцуулж нүүлгэсэн, төвлөрлийг сааруулах үүрэгтэй ажлыг Г.Занданшатарын ЗГ бүрмөсөн шийдэж чадахгүй алцагнасаар огцорсон. Одоо Н.Учрал яах юм бол доо.

- Шинэ
- Хандалттай