horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ногоон автобус нийлүүлсэн 2 солонгосыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов

post-img

“Ногоон автобусны” гэх тодотголтой эрүүгийн хэргийг УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим өчигдөр (2026.04.20) хяналаа. Хяналтын шатны шүүх 24 хүнд холбогдох энэ 93 хавтаст хэргийг иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлууд, прокурорын бичсэн эсэргүүцэлд тус тус үндэслэн, хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулах гэмт хэргээр зүйлчлэгдсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор тогтоосон евро 5 стандартын шаардлагыг хангахгүй байхад тус компанийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн энэхүү шаардлагыг өөрчилж, уг компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар, А.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээжээ.
Давж заалдах шатны шүүхээс Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын хэргийн зүйлчлэлийг хайнга хандсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлсэн заалтыг хүчингүй болгов.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн 20 автобус дээр дурдсан шаардлагаас гадна Нийтийн тээврийн газраас баталсан бусад шаардлагууд хангагдаагүй байхад актад гарын үсэг зурж хүлээж авсан хэрэгт шүүгдэгч Б.Алтаншагайг ажлын хэсгийн гишүүн бус үндэслэлээр үүрэг хүлээхгүй гэж үзэж, Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд зөрүүтэй, эргэлзээ үүсгэж байна гэсэн үндэслэлээр цагаатгасан. 2 шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж УДШ үзлээ.

Ч.Мөнхбаярын тухайд ажлын хэсгийн гишүүн атал өөр хэлтэст байнгын ажил эрхэлдэг учир захиалгын хяналтын үүрэг хүлээхгүй гэх шалтгаанаар цагаатгасан шийдвэрийн хувьд хүчингүй болгож, хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

А.Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Хонгорзул, О.Лувсандагва, Д.Цогтбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэгд албандаа хайнга хандах гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэн өөрчилснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээв.

А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийн тус ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэг гэм буруутайд тооцсон 2 шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб, Ким Кэа Баум нарыг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа.

Шүүгдэгч А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэл бүхий байна гэж шийдвэрлэлээ.

0/1000