Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд ажил хаяхаар өнгөрсөн 7 хоногт жагсаж эхэлсэн. Гэвч төв талбай дээрх төрийн байгууллагуудын өдөрлөгөөс болж, эрчим хүчний салбарынхан жагсаалаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа юм. Тэгвэл салбарын сайд Б.Найдалаа эрчим хүчний үнийг зохистой түвшинд нэмэхээс өөр аргагүй гэдгээ мэдэгдэв.
Эрчим хүчний үнийг төрөөс хэт удаан хугацаанд зохисгүй байдлаар барьж ирсэнтэй холбоотойгоор тус салбар хүнд байдалд ороод байгаа. Тиймээс цаашид үнийг хэрхэн нэмэх талаар Засгийн газрын түвшинд зөвшилцөж, цахилгааны үнэ, дулааны үнийг нэмэх асуудлыг шийдэхээр болсон байна. Гэхдээ Б.Найдалаа сайд аль болох бизнес эрхлэгч, иргэдэд бага дарамттайгаар үнэ нэмэх шаардлагатай хэмээн мэдэгдлээ.


