Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин: “E-Mongolia” платформын дэргэд “E-Kids” апп нээж, хүүхдүүд өөрсдөд тулгамдаж буй асуудлаа нээлттэй илэрхийлэх боломж бүрдүүлнэ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Багш нар фэйсбүүкээр сурагчдад гэрийн даалгавар өгдгийг болиулна. Дээрэлхэлтийн эсрэг үндэсний хэмжээний нэгдсэн сүлжээ бий болгоно.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж, дээрэлхэлтийн хэрэг, зөрчлийг хянан шалгана.
ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны дарга, дэд хурандаа А.Амарбат: Цагдаагийн байгууллагад ирсэн дээрэлхэлттэй холбоотой дуудлага, мэдээллийг хамтарсан багуудад мэдээлж байя.

Энэ бол NTV телевиз, “Хөөрхөн зүрх” ТББ хамтран, зохион байгуулсан “Нэг мөр цэг тавья” хэлэлцүүлэгт оролцогсдын өгсөн амлалтын зах зух нь. Энэ хэлэлцүүлэгт оролцсон 90 гаруй хүн дээрэлхэлтэд нэг мөр цэг тавихын тулд өөрийн өөрийн хийж чадах зүйлээ амлав. Уг амлалтыг NTV телевиз, time.mn нэхэх юм.
4-р сарын 20-нд нийслэлийн 23 дугаар сургууль дээр зохион байгуулсан энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэн, ЦХИХХЯ, ГБХНХЯ, Боловсролын яам, ЦЕГ, ХЭҮК, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүүхдийн шуурхай тусламж хамгааллын 108 төв, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, иргэний нийгмийн байгууллагынхан, сэтгүүлчид оролцлоо.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ирсэнгүй. ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан гадаад явсан тул төлөөний хүнээ явуулахаар болсон ч тэр нь оролцсонгүй.

Болсон явдал:
Нэгэн дэлгүүрээс 14 настай хүү электрон тамхи хулгайлаад баригджээ. Худалдагч цагдаа дуудав. Хүү цагдаагаас “Нийгмийн ажилтанд битгий хэлээрэй” гэж гуйжээ. Эцэг эх нь түүнийг “Нэр гутаалаа” гэж загнасан байна.
Энэ явдалд хэн алдаа гаргасан бэ? Хэлэлцүүлэгт оролцогсод “Нийгмийн ажилтанд битгий хэлээрэй” гэж байгаа нь нийгмийн ажилтанд итгэхгүй, айж байгаагийнх. Уг нь нийгмийн ажилтан хүүхэд айлгадаг биш, асуудлыг нь шийддэг хүн байх ёстой”, “Бүгд хайнга хандсан байна”, “Нийгмийн ажилтан нууц хадгалдаггүй. Задалчихдаг. Түүнээс болоод хүүхэд дахиж нийгмийн ажилтанд ханддаггүй. Асуудлыг шийдэхийн оронд 2 талыг дуудаж, эвлэрүүлсэн нэрээр гар бариулдаг” гэх мэтээр хариуллаа.
Бодит явдал дээр хүүг яагаад хулгай хийснийг хэн ч асуусангүй. Учир нь бүгд түүнийг электрон тамхи татахын тулд хулгайлсан гэж бодож байв. Үнэндээ хүү ямар ч тамхи татдаггүй. Тамхи татдаг хүүхдэд өгөхийн тулд хулгай хийсэн, тэр хүүхдэд дээрэлхүүлээд айсан байжээ.

Манай улсад 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхйи нийт 1.28 сая суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Эдгээр сурагчдын 79% нь дээрэлхэлт байдаг гэж хариулжээ.
Дээрэлхэлттэй холбоотой дуудлага өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 273, 108 дугаарын утсанд 1027, ГССҮТ-д 1583 ирсэн байна. Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ирсэн сүүлийн гурван жилийн дуудлагаас харахад үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 53 хувь нь 11-14, 23 хувь нь 15-181 насныхан аж. Тэдний 75 хувь хөвгүүд, 25 хувь нь охид.
Үе тэнгийн дээрэлхэлт илэрсэн газар:
- Ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойронд 709 удаа
- Гэр бүлийн орчинд 90,
- Олон нийтийн газар 226,
- Цахим орчинд 1,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 1
Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 1027 дуудлагыг ангилбал:
- 38 нь ялгаварлан гадуурхалт,
- 4 нь мөнгө дээрэмдсэн,
- 28 нь хэл амаар доромжилсон,
- 56 нь бүлэглэж дарамталсан,
- 813 нь биед халдсан,
- 87 нь удаан хугацааны туршид олон удаа дээрэлхсэн,
- 1 нь цахим орчимд дарамталсан байна.

ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
-Хүүхдүүдийн цахим орчны аюулгүй байдал, сошиал сүлжээний зохистой хэрэглээ энэ сэдэвт шууд уялдаатай. Сэтгэл зүйн хувьд эмзэг байх 9-12 насны хүүхдүүдийн 90 хувь нь фэйсбүүк ашиглаж буй тухай судалгаа гарсан. Энэ бол хяналтгүй хэрэглээ. Энэ ч үүднээс ЦХИХХЯ 16 нас хүрээгүй хүүхдийг сошиал орчинд хязгаарлалттайгаар нэвтрүүлэх зохицуулалт бүхий хуулийн төслийг Боловсролын яамтай хамтран боловсруулж байна.
Бид асуудлын үр дагавартай биш уг шалтгаантай тэмцэх учиртай. Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш нарын өөрсдийнх нь цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Тэгж гэмээнэ хүүхдүүдийн цахим орчинд үйлдэж байгаа харилцаа, хүлээн авч буй контентод ухаалгаар хяналт тавьж чадна.
Боловсролын сайд Б.Энх-Амгалан:
-Дээрэлхэлт бол системийн алдаа. Зовлонгийн шалтгааныг зөв олж харах ёстой. Тэгэхгүй буруутныг хайгаад байгаа юм. Нэг дээрэлхэлт гарахад цочирдоод гал унтраасан арга хэмжээ авдаг. “Шангри-Ла”-д болсон шиг дээрэлхэлт өглөө, өөр, орой бүр, хаа сайгүй болж байгаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул:
-Дээрэлхэлт боловсролын орчинд түлхүү гараад байгаа болохоос өөр өөр орчинд бас гарч байгаа. Юу гэж нэрлэх нь хаана гарснаас нь хамаарч байна. Дээрэлхэлтийн шалтгааныг боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн байгууллага хамтарч олох ёстой. Үе тэнгийн дээрэлхэлтийн үндсэн шалтгаан нь томчуудад байдаг. Үүнийг таслан зогсоох ажлыг томчууд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.
Сонгинохайрхан дүүргийн сэтгэлзүйчдийн ахлах Баттөмөр:
-2025 онд нийгмийн ажилтнууд үндсэн ажлынхаа 23%-ийг хийж чадаагүй. Сургуулийн дотоод ажил гээд өөр ажил хийлгэдэг.
Сэтгүүлч Т.Шинэбаяр:
-Улстөрчид өөрсдийнхөө ёсзүйн асуудлыг шийдэж чадахгүй байж үе тэнгийн хүүхдүүдийн дээрэлхэлтийн асуудлыг шийднэ гэж байхгүй. Дээрэлхдэг, дээрэлхүүлдэг хүүхдүүдийг хажуугаас нь дэмжигч, ажиглагч хүүхдүүдийн хүчийг ашиглах хэрэгтэй. Хүүхдүүд өөрсдөө асуудлаа шийдэх гэж оролддог. Тэрийг нь дэмжье.

