Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших Ихбогд хайрхан уулыг төрийн тахилгатай болгосугай” хэмээн зарлигдсан байна. Төрийн тахилгатай уул хайрхныг таван жилд нэг удаа тахидаг журмаар Их богд хайрхны тахилгыг хоёр дахь удаагаа энэ онд ийнхүү үйлдэхээр болсон юм.
Монголчууд эрт цагаас уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ. Тайлга тахилгын ёслол нь эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа бүхий өндөр ач холбогдолтой зан үйл.
Их Богд хайрхан нь Говь-Алтай нурууны баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон нуруу бөгөөд ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр бөгөөд салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай. Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг.
Их Богдод 1957 онд газар хүчтэй хөдөлж, уулын нэгэн оргил тасран унаж, хоёр голын хөндийг хааснаар эдүгээ Оюу, Номин нэртэй үзэсгэлэнт хоёр нуур бий болгосон байдаг. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уултай.

