horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

68 айлаас хулгай хийсэн хүнд шүүх 12 жил хорих ял оноолоо 

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас нийслэлийн дүүрэг дамжин үйлдэгдсэн, олон удаагийн үйлдэлтэй, хулгайлах болон залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ.

Хэргийг тодруулбал, Б.Ч (34 настай, эрэгтэй ) ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015-2022 оны хооронд нийслэлийн гэр хороололд байрлах эзэнгүй 68 айлыг урьдчилан судалж, цонх, хаалга зэргийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлж, нийт 229,9 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн 2023-2025 оны хооронд 12 удаа цахим орчимд “Эд зүйл зарна, худалдана” гэсэн хуурамч зар тавьж, иргэдийг хуурч мэхлэн мөнгийг нь шилжүүлэн авч, залилж, нийт 681,5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.  

Б.Ч үүнээс гадна зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаад халдсан, мөн хүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Түүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцээд, нийт 6 төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ялуудыг нь нэмж нэгтгэн, нийт 12 жил хорих ял оноов. Бусдад учруулсан хохирол 911,5 сая төгрөгийг түүнээс гаргуулан, нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

0/1000