3х3 сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн нэр хүндтэй цуврал болох “FIBA 3×3 World Tour” энэ оны улирлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
Энэ удаагийн цувралын нэгэн чухал шат болох “FIBA 3×3 World Tour Shanghai” тэмцээн 5-р сарын 23-24-нд Шанхай хотод зохион байгуулагдна. Тус тэмцээнд дэлхийн шилдэг клуб багууд оролцож, аваргын төлөө өрсөлдөнө. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “The League Quest 1” тэмцээн өндөрлөж, шилдэг багууд шигшигдэн 3х3 Шанхайн дэлхийн цуврал тэмцээнд оролцох багууд албан ёсоор тодорлоо.
Эрэгтэй ангилалд “Ulaanbaatar East” болон “Ulaanbaatar West” багууд финалд үлдэж, ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн. Шийдвэрлэх тоглолтод “Ulaanbaatar East” баг илүү довтолгоо, хамгаалалтыг хослуулж 22:15-ын харьцаагаар ялалт байгуулснаар FIBA 3×3 World Tour Shanghai тэмцээнд Монгол Улсаа төлөөлөх эрхийг авлаа.

Эмэгтэй төрөлд “Mongolia” баг хүчтэй тоглолтыг үзүүлсэн билээ. Финалд “Bayangol Amazons”-ыг 21:5 гэсэн илт давуу оноогоор буулган авч, Шанхайг зорих эрхээ баталгаажууллаа.


