УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа нар санаачлан өргөн мэдүүлсэн юм.
Өнөөдөр Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгэг хийж байгаа. 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталсан байдаг. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн иргэд эх орондоо Дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар санаачлан өргөн мэдүүлсэн юм. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, зарим байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.


