Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
МАН-ын дарга нь У.Хүрэлсүх гэдэг нь дахин нотлогдов
- 2026/04/24

- -4 цаг -12 минутын өмнө

- 3 мин уншина

Монгол Улс 1993 оноос хойш төрийн тэргүүнээ 4, 4 жилээр сонгож ирсэн бол 2021 оны сонгуулиас эхлээд 6 жилээр сонгодог болсон. 1 удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин 1 удаа нэр дэвших эрхтэй байлаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2021 оноос эхлэн ганц л удаа 6 жил Ерөнхийлөгчөөр ажилладаг болсон. Тэгэхээр У.Хүрэлсүх 2027 онд дахин өрсөлдөхгүй.

Ирэх сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ Ерөнхийлөгч болгохын тулд МАН ихээхэн мөнгө зарцуулах нь тодорхой боллоо. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар албан тушаалдаа үлдэхийн тулд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг гаргахаар У.Хүрэлсүхэд санал тавьж, түүнээс албан тушаалтай нь үлдээхийг гуйжээ. Уг саналыг нь У.Хүрэлсүх хүлээн авч, гуйлтыг нь ёсоор болгов. Ийн Х.Нямбаатар өчигдөр Тусгаар тогтнолын ордонд маадгар ирж, нийслэлийн МАН-ын хороогоо нам жим хуралдууллаа. Түүнтэй албан тушаалыг нь булаацалдах хэн ч байсангүй. Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалд хэн ч нэрээ дэвшүүлсэнгүй.

Өвлөөс эхлэн түүнийг авч хаяхаар аархаж явсан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан энэ өдөр Тусгаар тогтнолын ордонд үзэгдсэнгүй. Түүний захыг мушгиж, нийслэлийн МАН-ын хорооны дарга болохыг ятгаж байсан хүмүүс ч ирсэнгүй. Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн 70% нь хуралдаа ирж, ирц хүрсэн ч заалнаас Х.Нямбаатартай өрсөлдөх зүрхтэй хэн нэгэн боссонгүй.

Х.Нямбаатар харин намдаа хэдэн төгрөг олж өгөх өрөнд унав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ганцхан дохиод Э.Бат-Амгалан тэргүүтнийг номхруулжээ. МАН-ын дарга нь нэрэн дээрээ Н.Учрал боловч нидэр дээрээ У.Хүрэлсүх гэдэг нь үүгээр дахин нотлогдов. У.Хүрэлсүх Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон гэсэн 2 ордныг удирдаж байна. Тэр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар зэрэг дүү нартайгаа бүрмөсөн муудахыг хүссэнгүй. Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж улс төрд байдаггүй гэдэг. Дахин нотлов. Нотлогдов.

Дүү нараа атгасан гараа алгуурхан чангалсаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах мөнгийг Х.Нямбаатараар олуулахаар боллоо. Тэр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй ч Г.Занданшатар анддаа сэнтийгээ шилжүүлэхэд шаардагдах мөнгийг хэнээс авах нь тодорхой болов.

Манай улсад 1993 онд анх Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017, 2021 онд нийт 8 удаа Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

1993.06.06-нд сонгууль явагдаж, улсын төсвөөс зардалд нь 40 сая төгрөг баталжээ.

1997.05.18-нд санал хурааж, сонгуулийн зардал нь 150 сая төгрөг байв.

2001.05.20-нд санал хурааж, 462.5 сая төгрөг зарцуулахаар УИХ баталжээ.

2005.05.22-нд сонгууль болж, зардал нь 636.2 сая төгрөг байв.

2009.05.24-нд санал хураахад, улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг 4 тэрбум төгрөгөөр баталжээ.

2013.06.26-нд сонгууль явуулж, УИХ уг сонгуульд 15.8 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ. СЕХ нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 3 тэрбумаар, намынхыг 5.1 тэрбум төгрөгөөр тогтоов.

2017.06.26-нд санал хурааж, 14.9 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс гадна 1 нам дээд тал нь 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулсан.

2021.06.09-нд сонгууль болоход, 26 тэрбум төгрөгийн төсөвтэй байв. Нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр ҮАГ тогтоосон.

4 жилийн хугацаанд нам, нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардал 4 тэрбумаар нэмэгджээ. Тэгвэл 2027 оны сонгуулийн зардал өмнөхөөсөө 6 тэрбумаар нэмэгдэж мэдэх нь.

- Шинэ
- Хандалттай