АТГ 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийтийн албанд шинээр томилогдох, албан тушаал дэвшин томилогдох, шилжин томилогдох, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох зэргээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 5900 гаруй нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянав. Авлигатай тэмцэх газрын хяналтаар нэр дэвшсэн этгээд нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нийт 53 нэр дэвшигч байжээ. Тэдний талаар дүгнэлт гаргаж, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариу мэдэгдсэн аж. Тэдний дийлэнх хувийг хөдөө орон нутгаас буюу нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд томилогдохоор нэр дэвшсэн удирдах албан тушаалтнууд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн дарга, Ховд аймгийн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн дарга зэрэг нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчид байна.
Түүнчлэн тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа нийтлэг зөрчил нь албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаагүй, шууд удирдлага дор хамаарал бүхий этгээд нь ажилладаг, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүтцэд бүртгэлтэй, авлигын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэрэг зөрчил байна.
Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, удирдах албан тушаалтны авлигын эсрэг манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, ялангуяа сахилга ёс зүйн зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй байх талаар Авлигатай тэмцэх газраас холбогдох байгууллагуудад мэдэгдэж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

