УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Үүнд:
- Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг бүхэлд нь дэмжихээр болов. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн зүгээс Сэлбэ дэд бүтцийг үлдээж батлах санал оруулж ирсэн юм. Тэгвэл өнөөдөр эрх баригч намын бүлэг хуралдаад Сэлбэ дэд төвийг салгаж үлдээлгүй 3 төслийг 3-ланг нь зүтгүүлэх нь зүйтэй гэж шийджээ. Тодорхой дурдвал Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвүүдийн санхүүжилтын зардлыг улсын төсвийн зардалд оруулж тооцохгүй байх зохицуулалт бүхий 1 удаагийн хуулийн төсөл юм.
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн. Хуулийн төслийн зорилго нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг шинэчлэн зохицуулна хэмээн үзэж байна.
Хууль санаачлагчид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд батлаж, тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай байсан боловч өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын шаардлагад бүрэн нийцэхгүй болсон гэж үзсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар,
-Танхимын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ
-Хувийн хэвшлийн дуу хоолой бодлогын түвшинд институцийн баталгаатай болно
-Бизнесийн орчны тогтвортой байдал, ил тод байдал сайжирна
-Аймаг, салбарын танхимуудын уялдаа, хариуцлага нэмэгдэнэ
-Хөрөнгө оруулалт болон эдийн засгийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж танилцууллаа.
Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэж, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд судалгаанд үндэслэж ажиллах хэрэгтэй. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд тодорхой заалтуудыг сайжруулж ажиллах ёстой гэв.
Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхээр боллоо.


