horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Боловсролын салбарыг боловсруулах Л.Энх-Амгалангийн төлөвлөгөө

post-img

Боловсролын салбарыг боловсруулах төлөвлөгөөгөө Л.Энх-Амгалан сайд өчигдөр сэтгүүлчид, боловсролын салбарынханд танилцууллаа.

БАГШ, ЗАХИРЛУУДЫГ АТТЕСТАТЧИЛНА

Багш, захирал, эрхлэгч нарыг аттестатчилахаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан орон даяар зарлалаа. Хамгийн түрүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг аттестатчилалд хамруулахаар сайд төлөвлөжээ. “Сургуульдаа наанадаж 5 жил багшилсан, уч чадвар, мэдлэг, мэргэжлээрээ манлайлсан багш нар захирал болдог болгоно” гэж тэр мэдэгдэв.

Энэ хичээлийн жилд манай улсад ерөнхий боловсролын 900 сургууль хичээллэж байна. Үүний 717 буюу 79.7 хувь нь төрийн өмчийнх. Сургууль бүр 1 захиралтай гэж тооцвол 717 захирал аттестатчилагдана.

Сайд нар ажлын байрны аттестатчилах журам гаргаж, тодорхой хугацаанд тухайн ажлын байранд ажиллаж буй хүмүүсийн мэдлэг ур чадвар нь тухайн ажлын байрны шалгуурт тэнцэж буй эсэхийг шалгадаг. Энэ ажил боловсролын салбарт орхигдож, нам дагасан, тухайн аймаг, дүүрэг, сумынхаа засаг даргыг тойглосон хүмүүс сургуулийн захирал болдог болсон. Үүнд Л.Энх-Амгалан цэг тавих нь. Ирэх намар гэхэд олон сургуулийн захирал халагдаж, солигдохоор болж байна.

Аттестатчилал зөвхөн захирлуудыг хамрахгүй. Багш нарыг ч тойрохгүй нь. Монгол хэлээр олигтойхон ярьж чаддаггүй атлаа Баян-Өлгийн сургуулиудад монгол хэл зааж байгаа казах багш нарыг үүнд хамруулна. Англиар ярьж чаддаггүй атлаа англи хэлний хичээл зааж байгаа, зарим тоогоо өөрөө ч ойлгодоггүй мөртлөө математикийн багшийн орон тоо бөглөж яваа хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, чаддаг хүмүүсийг нь ажилд авахаар Боловсролын сайд төлөвлөжээ.   

БАГШ БЭЛТГЭХ 45 ХОНОГИЙГ 100 БОЛГОНО

Ерөнхий боловсролын сургуулиудад одоо 63.422 ажилтан, багш ажиллаж байна. Тэдний 39.126 буюу 61.7 хувь үндсэн багш, бусад нь цагийн ажилтан. Сургуулиудад одоо 2742 багш дутуу байгаа аж. Энэ талаар Л.Энх-Амгалан сайд “Зуд болсон юм шиг боловсролын салбар багшаар айхтар дутсан явдал байхгүй. Залуу багш нар жирэмсний амралтаа авдаг. Ахмад багш нар тэтгэвэрт гардаг. Ийм байдлаар багшийн орон тоо гардаг. Үүнийг нөхөөд явна. Одоо өөр мэргэжлийн хүнийг 45 хоногийн сургалтаар багш болгож байгаа. 45 хоног арай богино байна. Хугацааг нь 100 хоног болгоно” гэлээ.

ТӨЛБӨРГҮЙ СУРСАН, ХУВИЙН СУРГУУЛЬД ШИЛЖСЭН БАГШ НАРЫГ БУЦААЖ АВЧИРНА

ЭЕШ-д өндөр оноо авч, төрөөс тэтгэлэг авч, багш мэргэжил эзэмшсэн 5000 хүн байгааг Боловсролын яам тогтоожээ. Тэднийг мэргэжлээр нь ажиллуулахад анхаарах юм байна. Хэрвээ багшаар ажиллахгүй бол сургалтын төлбөрийг нь улсад буцаан төлүүлэх гэнэ.

Төрийн сургуулиудын сайн багш нарт хувийн сургуулиуд ахиу цалин амлан, ажилд авдаг. Ийм байдлаар сургуулиа сольсон багш олон. Тэднийг улсын сургуульд буцаж ажиллах санал тавих юм байна. Хэрвээ хувийн сургуулиуд уг багшийг явуулахгүй бол тухайн сургуульд нь нөхөн төлбөр тавих аж.

ЭРЭГТЭЙ БАГШИЙГ ЦЭРГИЙН АЛБА ХААСАНД ТООЦНО

Багш дутагдалтай байгаа сургуульд очиж ажилласан эрчүүдийг цэргийн алба хаасанд тооцохоор Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай ярилцаж байгаагаа Л.Энх-Амгалан мэдээллээ.  

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 55 мянган багш ажиллаж байв. Тэдний 44.240 нь эмэгтэй, 10.766 нь эрэгтэй. Цэцэрлэгт 9496 эмэгтэй, 449 эрэгтэй багш байлаа. Ерөнхий боловсролын сургуульд 31.161 эмэгтэй, 6609 эрэгтэй багш ажиллаж байв. Үүнээс үзвэл 5 багшийн 1 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байгаа юм.  

Тиймээс эрэгтэй хүүхдүүдийг багш мэргэжлээр сурах, эрэгтэй багш нарыг мэргэжлээрээ ажиллах хүсэл төрүүлэх нь чухал байгаа юм.

ЧИНГЭЛЭГТ СУРГУУЛЬ БАЙГУУЛНА

Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 900 сургуульд 819,907 сурагч сурч байна. Тэдний 378.408 буюу 46.2 хувь нь бага ангид, 290.628 буюу 35.4 хувь нь дунд ангид, 150.871 буюу 18,4 хувь нь ахлах ангид сурч байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрийн 1023 бүлэгт 4241 сурагч сурч байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Улаанбаатарт 3000-аас дээш сурагчтай 38 сургууль, 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг байна. Үүнийг задална. Төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Хотхоны сургууль бий болгоно. Нэг үе төрөлт ихсэж, цэцэрлэг, сургууль хүрэлдэхээ больсон бол эргээд төрөлт буурч байна. Үүнийг дагаад хувийн цэрлэгүүд хүүхэдтэй болж байна. Ийм цэцэрлэгүүдийн байрыг бага сургууль, хотхоны сургууль болгож ашиглана.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 23, 24-р хороо улсын сургуульгүй. Тус хорооны хүүхдүүд бүгд 4-р хорооны 34-р сургуульд сурдаг. Энэ сургуульд хүүхэд багталцахгүй, 3 ээлжээр хичээллэж байгаа аж. Тэгсэн ч 1-р анги гэхэд анги 15 бүлэгтэй, ганц анги 60 хүүхэдтэй. 3, 4, 7, 8-р анги түрээсийн байранд хичээллэдэг.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ сургууль зуух тавьж, гал түлж, байраа дулаацуулдаг. Газар нь цэвдэгтэй, барилга барих улирал богино, барилгын материал тээвэрлэж аваачих зардал их гэх мэт шалтгаанаар эдгээр суманд сургууль барих компани олдоггүй. Тендерт хэн ч оролцдоггүй.

Хүүхэд олонтой, сургуульгүй ийм сум, хороодод чингэлэг тавьж, анги болгон тохиуулахаар Боловсролын яам төлөвлөжээ. Канад улс ийм чингэлэгт сургууль байгуулах замаар асуудлыг шийддэг аж. Үүнийг манай улс нэвтрүүлэх гэж байна.

0/1000