Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдав. Банкны гадаад зах зээлээс 2026 оны 10 дугаар сарын 1-нээс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт хамруулахаар боллоо.
Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа. Ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа аж. Энэ нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байна.
Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.
Нөгөө талаас, банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байна.

